Х.Нямбаатар вант улсаа байгуулаад амжжээ
2020 оны сонгуулийн сунгаа эхэлчихэв үү гэлтэй үйл явдал өрнөх нь олширлоо. Тэгэхдээ дандаа олны нүдэн дээр, цахим орчноор өвөр зуураа хэмлэлдэж, булхай луйвраа тоочих болов.
Хамгийн сүүлд гэхэд, Ерөнхийлөгчийн иргэдтэй уулзах аянд дагалдаж явсан Д.Дагвадорж УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг Сонгинохайрхан дүүрэгт юу ч хийгээгүй гэж ярьсан. Гэтэл Х.Нямбаатар түүнд тэр дор нь хариу барьснаар улстөрийн хүрээнд нэгэн шинэ хэрүүл эхлэв бололтой.
Д.Дагвадоржийн хэлсэн үгийг сийрүүлбээс “Ерөнхийлөгчдөө энэ өдрийн мэндийг хүргэе. Сонгинохайрханчууд бүгд ирсэн байх. Би хариуцлагын тухай ганц юм сонгинохайрханчууддаа хэлмээр байна. Би энэ дүүрэгтэй 2008 оноос хойш холбоо тогтоосон. Та бүхэн мэдэж байгаа, миний ах Сумъяабазар гишүүн, сайд хийж байгаа. Ах дүүс гэр бүл дотроо, дээр нь ойр орчимдоо, албан тушаал, хүрээлэлдээ энэ хариуцлага гэдгийг анхаарахгүй бол болохоо байлаа. Би 2008 оноос хойш Сонгинохайрханы эрүүл мэндийн салбар, Улаанчулуутын хог зэрэгт дандаа Японоос хүн явуулдаг байсан. 6-7 түргэний машиныг энэ Тэрбишдагва, Сумъяабазар, бусад залуус зохих газруудад нь аваачиж өгсөн байх ёстой. Байгаа юу. Ингээд асуухаар хүмүүс мэдэхгүй байна. Хаана, юу яваад байна гэхээр зөвхөн өөрсдийнх нь пи ар. Дээр нь тэр хогны асуудал шийдэх гэж гурван удаа гурван баг явуулсан. Гэтэл хаана байна. Өнөөдөр ч гэсэн Ерөнхийлөгч ирж байхад энд засаг, захиргааны дарга нар ирэх ёстой байтал байхгүй. Дээр нь нийслэлийн хамгийн муу дүүрэг бол Сонгинохайрхан. Хамгийн их утаатай, гэмт хэрэгтэй, бохир газар. Есөн гишүүн байх ёстой. Сумъяабазар гурван цэцэрлэг, нэг сургууль барьсан байна билээ. Бусад нь хаа байна. Нямбаатар гэж нэг нөхөрт хэлэх хэрэгтэй. Энэ нөхөр дүүргийнхээ бүх удирдлагыг авсан байгаа юм. Тийм биз дээ, манайхаан. Одоо хийж байгаа юмгүй. Төсөв байхгүй гээд байдаг. Хангалттай төсөвтэй. Миний сонгинохайрханчуудад зориулсан бүгд байхгүй болчихсон. Энэний эсрэг би дуугарна шүү” гэж хэлсэн.
Мань хүн машид ширүүн байдлаар сонгинохайрханчуудад ингэж хэлсэн бөгөөд өмнөх жилүүдэд өөрийн зүгээс тусламж болгон илгээсэн машин тэрэг, мөнгө санхүү, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг нэхэн шаардсан. Мэдээж энэ бол нухацтай ярих асуудал. Үнэхээр Д.Дагвадорж 2008 оноос хойш эмнэлгийн үйлчилгээ, хогны менежментийг сайжруулахад хоёр орны хамтарсан ажлын хэсгийн хүрээнд, яриад байгаа шигээ олон ажил хийсэн ч өнөөдөр үр дүнгүй байгаа бол нийт олны хамтаар үүнийгээ нэхэн шаардах эрхтэй. Бүр ингэх нь ч зүйн хэрэг гэмээр. Гэхдээ эсрэг тал мэдээж үүнд хариулсан.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Сонгинохайрхан дүүрэгт, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Д.Дагвадоржийн зүгээс нэг ч төгрөгийн тусламж үзүүлсэн удаагүй. Мөн Япон улсаас Сонгинохайрхан дүүрэгт татаж авчирсан төсөл хөтөлбөр ч байхгүй. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй мэдээллийг иргэд, олон нийттэй уулзахдаа хэлсэн. Аливаа зүйл баримт нотолгоотой байх ёстой. 2008-2018 оноос Сонгинохайрхантай ажил, амьдралаа холбож байгаа хүний хувьд хэлэхэд нэг ч төгрөг, төсөл хөтөлбөр татаж авчирсан юм байхгүйг мэдэж байна. Харин 2013 онд Сумъяабазар гишүүний тойрогт нэг хуучин түргэний машин өгсөн. Тэр нь одоо тухайн газраа ашиглагдаж байгаа байх. Ер нь дандаа сонгуулийн сурталчилгаа шиг тархи угаасан, худал мэдээлэл тараах байдлаар төрийн ажил явах ёсгүй гэж үзэж байна. Сонгуулийн үеэр Дагвадорж надад сайндаа ирж дэмжээгүй байх. Циркийн хувьчлалын асуудлыг хөндөж тавьсанд, Магнайд өширхсөндөө л намайг дэмжсэн гэж би ойлгож байгаа” гэж сэтгүүлчийн асуултад хариулсан.
Тэгэхээр энэ бүгдийг харахад, маргаан зүгээр нэг амнаас гарсан сул үг төдий биш санагдана. Хэрвээ Д.Дагвадорж үнэхээр циркийн хувьчлалыг сөхөж, маапааныг нь нэхэн шалгахыг шаардсан О.Магнайд өширхсөндөө ийм үйлдэл хийсэн бол асуудал арай өөрөөр эргэнэ.
Гэхдээ Х.Нямбаатарын тухайд Д.Дагвадоржийг Сонгинохайрхан дүүрэгт зориулж огт юм хийгээгүй мэтээр ярих нь зохисгүй. Учир нь тэрбээр, өөрөө дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн асуудлаар АН-ынхны шантаажинд орж байсан. Тодруулбал, 2012 онд АН-аас Х.Нямбаатарыг дүүргийн ИТХ-д хууль зөрчин нэр дэвшиж, улмаар ИТХ-ын дарга болсон гэж үзэн жагсаал цуглаан зохион байгуулж, эсэргүүцэл зарлаж байлаа. Түүнийг Сонгинохайрханд нэр дэвшихдээ шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон хугацаанд Сонгинохайрхан руу хаяг шилжүүлсэн гэдгийг хөдөлшгүй баримтаар нотолж байсан. Мөн сонгуулийн үеэр иргэдэд мөнгө төгрөг тараасан гэдэг яриа ч гарч байв.
Гэтэл мань эр УИХ-ын гишүүн болсныхоо дараахан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж олныг гайхшруулсан. Түүнийг гэнэтхэн ингэж дээгүүр санаалсанд олон нийт тун бухимдалтай хандаж байв. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүртэл “Х.Нямбаатар аа, ядаж бүтэн жил УИХ-д суучихаад том, том хууль руу гар дүр. Ах нь төрийн байгууллагад 10 гаруй жил ажиллаад мэргэшсэн хүн болчихоод УИХ-д орж ирсэн. Бусдын гар хөл битгий бол. Эрүүгийн хуульд ийм юм болоод байгаа болохоор Ц.Нямдорж гишүүн оролцохгүй байгаа шүү дээ. Нэг л их ухаантай хүн орж ирчихээд юм юм руу саваад байх юм. Юуг нь ч ойлгохгүй, юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна. Анхааралтай бай. Юм мэдэхгүй хүн мэддэггүйгээ мэдэггүй юм” хэмээн тэсгэл алдсан удаатай.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дүүрэгтээ онц хийсэн зүйлгүй МАН-ын нэрээр парламентад сонгогдсон ч өдгөө хийсэн ажлаараа биш хэл амаараа олонд танигдаж эхэллээ.
Харин түүнийг өдөөн турхирсан Д.Дагвадоржийн тухайд ямар нэгэн байдлаар энэ дүүрэгт юм хийсэн ч үүнийгээ зарлаж, тунхаглах нь хачирхалтай. Ер нь ч Дагваа аварга улстөрд орох нь олон талаар батлагдаж байгаа. Адаглаад тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын бие төлөөлөгч болсон гэдгийг хүн бүр мэддэг. Гэтэл өнгөрсөн оны намраас түүнийг Япон улсад суух Элчин сайдаар томилогдоно гэх яриа гарсан. Харин ойрын үед энэ яриа бүрэн батлагдав бололтой.
Юу гэвээс, Ерөнхийлөгч Х.Баттулга арванхоёрдугаар сард хэд хэдэн улс дахь Элчин сайдуудыг эргүүлэн татах шийдвэр гаргасан. Үүний дотор Япон улс багтаж байгаа юм. Тэгвэл Японд суух шинэ Элчин сайдын сунгаан дунд Асашёорюү Дагвадоржийн нэр багтсаныг эх сурвалж мэдээлсэн.
Тэгэхээр Д.Дагвадоржид улстөр үүд хаалгаа нэгэнт нээсэн ажээ. Харин үйл явдал санаснаар нь болж байхад яагаад заавал ингэж шоудах болов гэдэг тодорхойгүй. Түүнийг тэртэй, тэргүй ард түмэн мэднэ. Гагцхүү улстөрд орлоо гэхэд заавал дипломат албанд томилогдох гээд зүтгэх нь хачин. Яах вэ, УИХ-д бөх, уяач, дуучин, яруу найрагчид багтаад байхад түүнд орон зай олдохгүй байна гэж үгүй. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын тухайд, Сонгинохайранд юу ч хийгээгүй гэдэг үг сонссоныхоо төлөө сэтгүүлч дуудан гомдоллож байгаа нь зохисгүй төрх гэхээс өөр юу гэх вэ. Ямартай ч тэрбээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй барьцаж өөрийн вант улсаа байгуулаад амжжээ.
Н.Түвшин-Амар
Эх сурвалж: Нийгмийн шуудан сонин
|