Ө.Энхтүвшин: Малчдаас ТАТВАР авах ШААРДЛАГАТАЙ
“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн шинжилгээний зардалд 6.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бол, С вирусийн эмчилгээнд 9.6 тэрбумыг зориулжээ.
Энэ хүрээнд хепатитийн В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад давхардсан тоогоор 90 гаруй мянган хүнийг хамруулсан аж. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас С вирусийн таван нэрийн эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр, нэг курс эмчилгээний зардлыг үргэлжлэх хугацаанаас хамааран 630-1 сая 260 мянган төгрөгөөр хямдруулан олгож байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх баасан гарагт болсон Нэгдсэн чуулганы үеэр мэдэгдлээ. Эрүүл мэндийн сайдын төсөв энэ онд 760.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 9.5 хувиар нэмэгдсэн аж.
15-39 насныхныг В, С вирусийн шинжилгээнд хамруулна
Монголд хийгдэж байгаа өндөр өртөгтэй мэс засалд зарцуулах төсвийг энэ онд 44.6 тэрбум төгрөгт хүргэж, 17.4 хувиар нэмжээ. Тодруулбал, эрхтэн шилжүүлэх мэс засалд шаардагдах төсвийг дөрөв дахин нэмж 2.8 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Түүнчлэн энэ оноос 15-39 насны хүмүүсийг эрт илрүүлэг үзлэгт хамруулах, урьдчилан сэргийлэх үзлэгт 10.2 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Мөн элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4.9 тэрбум төгрөг, С вирусийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18.4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр батлаад байгааг мэдээллээ. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэд хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж чаддаггүй. Тэгвэл ийм иргэдийг даатгалд хамруулах ажлыг Засгийн газраас идэвхжүүлнэ хэмээн мэдээлэв.
МАХНЫ ЭКСПОРТООС 137 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛЖЭЭ
Ерөнхий сайдын мэдээллийн дараа Шадар сайд Ө.Энхтүвшин өвөлжилтийн нөхцөл байдлын талаар асуулгын хариуг өгсөн юм. Одоогоор улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 100 гаруй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж. Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 106.9 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэлийг хийсэн. Харин өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 25 хувь нь хүрэлцээтэй, 30 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 30 хувь олон дахин хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан байна.
Өвөлжилтийг гарз, хохирол багатай давахын тулд Засгийн газраас хийсэн ажлуудын талаар мэдээлэл өгөхдөө Ө.Энхтүвшин “Цаашид малыг бэлчээрийн даацад тааруулахын тулд малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, махыг нь экспортод гаргах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тариалалтыг нэмэгдүүлэх шаардлага байна. Мөн малын хөлийн татвар ногдуулдаг болох шаардлагатай” гэв. Өнгөрсөн оны эцсийн байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй найм, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй зургаа, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй тав, нядалгааны эрхтэй найм, ОХУ-д мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулжээ.
Мөн Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн дөрвөн компани байгаа аж. Эдгээр компани ОХУ-д 560 тонн үхрийн, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 24.9 мянган тонн адууны, Иран, Катар улсад 2.45 мянган тонн хонь, ямааны мах экспортолжээ. Мөнгөн дүнгээр тооцвол экспортоос 137 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өмнөх таван жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо, хэмжээ долоо дахин, өмнөх онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин дулааны аргаар боловсруулсан нөөшилсөн мах, махан бүтээгдэхүүн хоёр мянган тонныг экспортолжээ.