С.Оюун 2016 он хүртэл Байгаль орчны Ассамблейн ерөнхийлөгчөөр ажиллана
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган 2014 оны зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Кени улсын Найроби хотноо НҮБ-ын Байгаль орчны төв байран дээр болж өнгөрсөн. Чуулганы төлөөлөгчид эхний өдрийн хуралдаанаараа Байгаль орчны Ассемблейн анхны ерөнхийлөгчөөр БОНХ-ийн сайд, доктор С.Оюуныг санал нэгтэйгээр сонгосон байна.
Энэ талаар өнөөдөр БОНХЯ-нд хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд БОНХЯ-ны сайд С.Оюун, БОНХЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд тэргүүтэй хүмүүс оролцож мэдээлэл өглөө. Тус албан тушаал нь Монгол хүн НҮБ-ын хүрээнд сонгуулиар гарч ирж буй хамгийн өндөр сонгуульт албан тушаал бөгөөд БОНХ сайд С.Оюун нь 2016 оныг хүртэл тус албыг хаших юм байна. С.Оюун нь Иран улсын Дэд ерөнхийлөгч , Байгаль орчны сайд хатагтай Масумех Эбтерак болон Ирак улсын Байгаль орчны асуудал хариуцсан сайд Саргон Лазонтай өрсөлдөж төлөөлөгчид санал нэгтэйгээр С.Оюуныг сонгосон байна. Түүнийг сонгосон шалтгаан нь өрсөлдсөн хоёр хүн нь өмнө нь сонгогдож байсан, Монгол улсын байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой байсан гэнэ. Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаар байгаль орчны хуулийн засаглал, ногоон эдийн засгийн санхүүгийн механизм, зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдаа, байгаль орчны тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжсэн тогтвортой хөгжлийн болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилго зэрэг асуудлыг хэлэлцэж, Төгсгөлийн баримт бичиг гаргасан байна. Энэхүү баримт бичгийг боловсруулахад Монгол улсын төлөөлөгчид санаачлагатай байж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал А.Штайнер болон хамтын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй идэвхитэй хамтран ажилласан байна.