С.Баяр, М.Энхсайхан хоёр ТАРВАЛЗСААР Л...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний ажилд албан ёсоор орсноосоо 9 хоногийн дараа буюу 2017 оны долоодугаар сарын 19-нд өөрийн Тамгын газрын дарга З.Энхболдоор УИХ-ын дарга М.Энхболдод Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг зөвшилцөх тухай албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн байдаг. Түүнээс хойш яг зургаан сарын хугацаа өнгөрч байгаа ч дээрх асуудал өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцэгдсэн ч үгүй, Ерөнхийлөгч Х.Баттулга ч араас нь тууштай хөөцөлдсөнгүй өнөөдрийг хүрэв.
Харин дуулианы эзэн С.Баяр 2017 оны долоодугаар сарын 27-нд "Элчин сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу намайг эгүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү" гэсэн өргөдлийг Гадаад Харидцааны яаманд ирүүлсэн гэдэг. Хэрэв Гадаад Харилцааны яам ном журмын дагуу ажилласан бол С.Баярын дээрх хүсэлтийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлээд гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн барих учиртай байв. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар, ялангуяа Гадаад Харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргилд С.Баярыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайдын үүрэгт ажлаас эргүүлэн татах хүсэл зориг байгаагүйгээс С.Баяр өнөөдрийг хүртэл хөгшин Европын цээжинд тарвалзаж хэвтэнэ.
Шинээр гарч ирж 100 хоногтойгоо золгоод байгаа У.Хүрэлсүхийн Ардын Засгийн газарт ч С.Баярыг эргүүлэн татах сонирхол төдийлөн байхгүй байх шиг байна.
С.Баяр, М.Энхсайхан нарын толгойг төр засгийн удирдлагууд ийнхүү илж байхад Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад ажиллаж амьдарч байгаа жирийн иргэд, эхчүүд эсэргүүцлээ илэрхийлж “Оюутолгойг Рио Тинтод авлигаар худалдсан С.Баяр Элчин сайд хийх ёс суртахууны эрхгүй. Түүнийг нэн даруй эргүүлэн татаж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой” гэсэн эсэргүүцлийн жагсаалыг Лондон хотноо 2017 оны гуравдугаар сарын 31-нд хийж байсан билээ. Яг түүний дараахан С.Баяр Монголд чимээгүйхэн ирээд буцсан нь Англи дахь шударга иргэдийн цуглааны хүчийг сарниулж, суугаа орныхоо анхаарлын төвөөс холдуулахын тулд хуурамч мэдээлэл цацах зорилготой байсан нь тодорхой юм. Түүний Монголд ирсэн гол зорилго нь Лондон дахь шударга иргэдийн жагсаал цуглааны сургаар комбинаци хийхээр төлөвлөж байсан нь ч ойлгомжтой. С.Баярын маш сайн чаддаг зүйл нь жагсаал цуглааныг үймээн самуун болгож, бусдыг золигт гаргах байдгийг Монголчууд өмнөх гашуун түүхээс андахгүй.
Дэлхийд эхний 10-т эрэмбэлэгддэг Оюутолгойн ордыг Рио Тинтод бэлэглэсэн С.Баярын хувийн амьдрал ч ихээхэн будилаантай нэгэн билээ. Хэдэн удаа эхнэр сольсон нь ч оньсого. Ямартай ч Монгол Улсыг төлөөлж ОХУ-д Элчин сайд байхдаа Орос хүүхнүүдтэй л өдрийг өнгөрөөдөг байсныг тухайн үеийн Гадаад Хэргийн яамныхан толгой сэгсрэн ярилцдаг байсан гэдэг. С.Баярын охид 18-20 насандаа оффшор бүсэд тав зургаан данс эзэмшиж, АНУ-д 20 гаруй үл хөдлөх хөрөнгө худалдан авч, цааш нь зарж борлуулдаг үндсэн ажилтай гэдгийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга хөдлөшгүй баримтаар удаа дараа нотлон үзүүлж байсан билээ. Хачирхалтай нь тэдгээр охид нь хэдэн зуун мянган долларын байр аваад засаж янзалдаг, буцааж зарахдаа үнийг нь зуу зуун мянгаар нь буулган зардаг жигтэй сонин бизнес эрхэлдэг гэх юм билээ. Гэхдээ сайтар нягтлаад үзвэл тэдний тэрхүү жигтэй бизнес нь бохир мөнгөө угаасан арга заль гэдэг нь л тодорхой юм.
С.Баяр болон түүнийг тойрон хүрээлэгчдийн Оюутолгойг Рио Тинтод авлигаар бэлэглэсэн бохир ажиллагааг эргэн дүгнэвэл Монголын ард түмэн өөрсдийн баялгаар хэдхэн хүнийг 9 үеэрээ зүгээр хэвтэж байгаад идээд барахгүй болтол нь хөрөнгөжүүлээд, өөрсдөө өдрөөс өдөрт ядууралд орж, хэзээ ч дуусахгүй өр төлбөрийг үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх гунигт хувь заяатайгаа эвлэрээд сууцгааж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зургаахан сарын өмнө сүр дуулиантай зарласан ч өнөөдөр мартагдах шахаад байгаа С.Баяр, М.Энхсайхан нарыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын ажлаас эргүүлэн татах асуудлыг дахин сөхөх цаг болсон санагдана. Нэг нь Оюутолгойг Рио Тинтод авлигаар бэлэглэсэн, нөгөөх нь Тавантолгойг Хятадуудад бэлэглэчих шахсан ийм л хоёр нүгэлтэн өнөөдөр хууль шүүхийн өмнө зогсох нь байтугай хөгшин Европын цээжинд тэврүүлсэн шиг тарвалзаад хэвтэцгээж байна. Энэ чинь шударга, ариун явдал мөн үү. Ямар илүү эрх мэдэлтэй, ямба дархтай нь Монголчуудын нийтийн баялгийг гадны дээрэмчдэд бэлэглэж, хэдэн үеэрээ идэж барахгүй авлигыг амаараа гартал чихчихээд ямар ч гэм зэмгүй тарвалзаж байхад ард түмэн татварын дарамтад нухлуулж, цалингаасаа суутгуулж хохирсон дээрээ хохироод явж байх ёстой вэ. Монголд шударга ёсны үүр хэзээ цайх вэ. Яагаад авлигачин, архичин этгээдүүд Монгол Улсыг Европ тивд төлөөлөн сууж, бидний өмнөөс шийдвэр гаргах ёстой вэ. Товчхондоо С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас хэзээ эргүүлэн татах вэ, Ерөнхийлөгч Х.Баттулга аа.
Эх сурвалж: 24TSAG.MN
|