Хууль зүйн сайдад хамааралгүй ёс зүй & үл тооцогдох хариуцлага

2014 оны 7 сарын 01

Хуульч Х.Тэмүүжинг УИХ-д нэр дэвшихэд АН-ынханд төдийгүй Монголын улс төрд тод лидер болно гэдэгт эргэлзэхгүй байсан цаг саяхан. Эхэндээ тэр “дажгүй” нэр хүндтэй, хуулийн “хууччуултай” сөргөлдаж мэтгэлцсэн шигээ гялалзаж явав. Харин УИХ-ын 2012 оны сонгуульд яагаад ч юм бэ намын жагсаалтад чихцэлдсэнд олон хүн гайхсан. Сонгуулийн ялалтын дүнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тохироо эхлэхэд Хууль зүйн сайдын суудалд түүнээс өөр эзэнгүй мэт өрсөлдөгчгүйгээр зай тавьж өгсөн юм.

Хуулийн салбарын шинэчлэл түүнийг “од” болгосон. Бүгд үг, дуугүй дэмжиж байв. Гэтэл хувь хүний алдаа дутагдал, амьдралын хэв маягтай нь холбоотой фактууд олдох болов. Үүнийг хүртэл түүнийг шинэчлэл хийхийн тулд эрсдэлтэй учирсан, улмаар өөртөө “дайсан” цуглуулсантай нь холбоотой хэмээн олон нийт өмөөрч байсан.

Гэтэл өнгөрсөн хаврын дуулианы эзнээр Хууль зүйн сайд тодрох нь тэр. Намтарт нь хар толбо суугаагүй байсан түүний талаархи шуугиант баримтууд ар араасаа цуварч, одоо ч үргэлжилсээр.

Хар тамхины хэргийн сэжигтэн бүсгүйтэй дотно харьцаатай байсан, тэдний амрагийн холбоо эхлэх үед нялх амраг нь насанд хүрээгүй байсан гэх мэдээлэл хуурай өвсөнд асаасан түймэр лугаа газар авч, амтай болгон шуугисан. Шуугихаас ч аргагүй сенсааци.

Үнэн худал нь мэдэгдэхгүй дээрх мэдээллийг хорих ангид дөрвөн сар хоригдсон Г.Сарангэрэл бүсгүй суллагдсан даруйдаа “үнэн” хэмээн орон даяар цацагддаг телевизийн сувгаар мэдэгдчихсэн.

Өөр нэг ноцтой баримтыг иргэн Г.Сарангэрэл дэлгэсэн нь Хууль зүйн сайдын анхны нялх амраг өөрөө биш бөгөөд н.Алтанчимэг гэх эмэгтэй байдаг хэмээсэн нь бүүр ч дуулиан дагуулсан.

Хэрвээ Г.Сарангэрэл бүсгүйн ярьсан, хэлсэн үнэн бол Хууль зүйн салбарыг удирдаж, хуулийн шинэтгэл хийхээр ажиллаж буй гэх түүний үнэн төрх илчлэгдэж түүнээс хариуцлага нэхэх цаг ирсэн мэт.

Гэхдээ хариуцлагыг халхавч маягаар тооцож, сайдын албан тушаалтай нь яриад зогсох бус насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татсан гэх үндэслэлээр хуулийн дагуу шийтгэх учиртай.

Өмнө төрийн өндөр албан тушаалтнууд тэр дундаа Хууль зүйн сайд нь өөрөө ийм ичгүүртэй хэргээр намтраа зузаатгаж байсан түүх байхгүй. Тэгэхэр энэ төрлийн хэргийг хэрхэн шийдэх нь олны анхаарлыг татаж, асуудал дагуулах нь хэнд ч ойлгомжтой.

Магадгүй төрийн өндөр албан тушаалтны гаргасан ёс зүйн алдааг хэрхэн шийдэх талаар тусгайлсан хууль журам байхгүй учраас их удаж л сандал ширээ төдийхөнөөр хэмжигдэх болов уу гэсэн таамаглал нийгэмд бий.  

Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордноо намуудын төлөөлөл болон сэтгүүлчдэд нээлттэй ярилцлага хийх үеэрээ “Монголд хариуцлагатай холбоотой бие даасан хууль батлагдаж гараагүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүд, УИХ-аар дарга нь томилогддог байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хууль гаргана” хэмээн мэдэгдлээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Төрийн өндөр албан тушаалтнуудад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэдэг болно. Тухайн албан тушаалтан сахилгын хариуцлага алдсан бол сануулга өгч, олон нийтэд ил тод мэдээлдэг болох юм. Хоёрдугаарт, албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож, албан тушаалаас буусан бол дараа нь дөрвөн жил төрийн албанд сонгогдох, томилогдох эрхийг нь хасна. Энэ нь улс төрийн хариуцлага тооцож буй хэлбэр.

Хууль, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчөөд албан тушаалаас нь эргүүлэн татах шийдвэр гарсан төрийн өндөр албан тушаалтан хоёр жилийн хугацаагаар албан тушаалд томилогдох хугацааг нь хязгаарлана. Ингэж зааж өгөхгүй л бол хариуцлага тооцдоггүй. Ёс суртахууны хариуцлага албан тушаалтанд хамгийн их байх ёстой.

Төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн эрх үүрэг, ёс зүйд ноцтой хохирол учруулсан л бол үйлдэл бүртээ тухайн албан тушаалтан үнэн зөв тайлбар өгөх үүрэг хүлээнэ. Шаардлагатай гэж үзвэл тайлбар өгөөд уучлал гуйна. Уучлал гуйна гэдэг хариуцлагын хэлбэр. Үүнийг хуульчилж л өгөхгүй бол дуртай нь уучлал гуйдаг, дургүй нь гуйхгүй. Тухайн үйлдэл нь ноцтой бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно” гэсэн юм.

Ерөнхийлөгчийн санаачлахаар төлөвлөж буй “Хариуцлагын хууль” нь үнэхээр үгүйлэгдэж байсан хууль мөн бөгөөд магадгүй Хууль зүйн сайдын алдаанаас эхлэлтэй байж ч болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5249
0 эможи
keyboard_arrow_up