Европын Холбоо МОНГОЛЫГ “ХАР ЖАГСААЛТ“-аасаа хасах уу?
Европын Холбоо /ЕХ/ Монгол болон Өмнөд Солонгос тэргүүтэй найман улс орныг “татвараас зайлсхийгчдэд ээлтэй орнуудын хар жагсаалт"-аас хасаж магадгүй гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Мөн Европын Холбоо БНСУ болон Арабын Нэгдсэн Эмират улсыг энэ сарын сүүлээр хар жагсаалтаасаа гаргаж магадгүй байна. Дээрх хоёр улс нь улс төрийн түвшинд үүрэг амлалт хүлээсэн баримт бичигт гарын үсэг зурсан учраас Европын Холбооны Ёс зүйн ажлын хэсэг БНСУ, Арабын Нэгдсэн Эмират улсыг хар жагсаалтаас гаргах санал дэвшүүлжээ.
Харин татварын хууль журмаа шинэчлэн сайжруулах амлалт өгсөн Монгол, Өмнөд Солонгос, АНЭУ, Барбодос, Гренада, Макао болон Тунис гэсэн найман улс, засаг захиргааны тусгай бүсийг энэ жагсаалтаас хасах саналыг ЕХ-ны холбогдох албаны хүмүүс саяхан гаргасан аж.
Даваа гарагт Монгол Улс Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форумд гишүүнээр элслээ. Мөн татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд өнгөрсөн 12 дугаар сард BEPS буюу "Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр"-ийн гишүүнээр амжилттай элсээд байна. Ийнхүү "Монгол Улс хар жагсаалтаас гарах нөхцөлүүд бүрдэж байна" гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байсан билээ.