Анхны УИХ-ын амилуулсан Үндсэн хуулийн заалтуудаас
- Үндсэн хуулийн өдөрт -
Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж “үлдээсэн” байдаг. Эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг “амилуулан” иж бүрэн хэрэгжих боломжийг 1992-1996 оны анхны УИХ бүрдүүлсэн юм. Энэхүү гавьяаг Монгол Улсын төр мартах учиргүй.
Анхны УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 26 жил өнгөрч байна. Тэр үеийн түүхийг мэддэг хүмүүсийн тоо цөөрсөөр байна.
Анхны УИХ-ын БНМАУ-ын Бага Хурлаас ялгаатай тал нь бүх ард түмнээс сонгогдсон 76 гишүүнтэй Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг, төрийн эрх барих дээд байгууллага байсан бөгөөд гишүүдийн тоогоор 165 дахин олон, ажилласан хугацааны хувьд 2 дахин урт хугацаатай байсан билээ.
Сүүлийн үеийн УИХ-уудаас ялгаатай тал нь намдаа хандивласан, сонгогчдод тараасан мөнгөний хэмжээ, амласан хуурамч том амлалтаар биш цэвэр өөрсдийн оюуны чадавхи, мэдлэг, туршлагаараа нутгийн зон олонд танигдсан, нэр хүнд, шударга зарчимч байдал, өндөр ёс суртахуунаараа шалгарсан, эх орныхоо эрх ашгийг дээдэлдэг, хувийн ашиг завшааныг хайдаггүй, туйлын ажил хэрэгч гишүүдээс бүрдсэн байсан юм.
Мөн хуулийн төслийг 7 хоногийн 2 өдөр Байнгын хороодын, 4 өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар зүйл нэг бүрээр нь 3 удаа, бас цөөнхийн саналын үндэслэлийг сонсож хэлэлцэн баталдаг байлаа.
Бид эхлээд орон тооны туслахгүй, сарын 5,500 төгрөгийн цалинтай л ажилладаг байв.
Анхны УИХ-ын амилуулсан Үндсэн хуулийн заалтуудаас заримыг дурдвал:
Үндсэн хуулийн Дөрөвдүгээр зүйл
2.Монгол Улсын хилийг хуулиар бататгана.
“Монгол Улсын хилийн тухай” хуулийг 1993-10-21-ний өдөр баталсан.
Тавдугаар зүйл
2. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.
3. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.
1994 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын “Иргэний хуулийг” /шинэчилсэн найруулга/ баталсан
5. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.
“Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийг 1993-4-12-нд баталсан.
Зургадугаар зүйл
1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
“Газрын тухай” хуулийг 1994-11-11-нд
“Газрын хэвлийн тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийг 1994-12-23-нд,
“Ашигт малтмалын тухай” хуулийг 1994-9-30-нд,
“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийг 1995-03-30-нд баталсан.
Байгаль орчны багц хуулиудыг 1995 онд,Ойн тухай хуулийг 1995.3.31-нд, Усны тухай хуулийг 1995.4.13-нд, Ан агнуурын тухай хуулийг 1995.4.10-нд тус тус баталсан.
Долдугаар зүйл.
1. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.
“Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай” хуулийг 1994.5.24-нд, “Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай” хуулийг 1996-05-23-нд баталсан.
Есдүгээр зүйл.
3. Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.
“Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийг 1993-11-11-нд баталсан.
Аравдугаар зүйл
1. Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.
“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг” 1994 оны 6-р сарын 30-нд баталсан.
Арван хоёрдугаар зүйл
7. Төрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана.
“Төрийн бэлгэ тэмдгийн тухай” хуулийг 1994-05-20 -нд баталсан.
Арван гуравдугаар зүйл.
2. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийг 1994.07.07-нд баталсан.
Арван тавдугаар зүйл.
1. Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.
“Харьяатын тухай” хуулийг 1995-06-05-нд баталсан.
Арван зургадугаар зүйл
2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
“Цагдаагийн байгууллагын тухай” хуулийг 1993.12.2-нд, “Иргэний хамгаалалтын тухай” хуулийг 1994.5.24-нд, “Химийн хорт бодисоос хамгаалах тухай” хуулийг 1995.4.14-нд тус тус баталсан.
5/ өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;
“Нийгмийн даатгалын тухай” хуулийг 1994.5.31-нд, “Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай” хуулийг 1995.12.18-нд, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийг 1994.6.7-нд, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийг 1994-06-07-нд “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуулийг 1994-07-05 -нд тус тус баталсан. “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийг 1994-06-10-нд баталсан
6/ эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;
“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг нь 1993.7.8-нд,
“Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай” хуулийг 1993.12.24-нд,
“Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай” хуулийг 1993.12.27-нд,
“Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийг 1994.1.10-нд тус тус баталсан.
7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;
“Боловсролын тухай” хуулийг 1995.6.13-нд
“Дээд боловсролын тухай” хуулийг 1995.6.19-нд
“Бага, дунд боловсролын тухай” хуулийг 1995.6.22-нд тус тус баталсан.
8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;
“Зохиогчийн эрхийн тухай” хуулийг 1993.6.22-нд
“Патентийн тухай” хуулийг 1993.6.25-нд тус тус баталсан.
11....Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;
“Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг 1996.05.06-нд баталсан
12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;
“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийг 1995-04-17-нд баталсан.
13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийг 1994.5.9-нд
“Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг 1994.3.29-нд
“Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг 1994.6.7-нд
“Цагдаагийн байгууллагын тухай” хуулийг 1993.12.2-нд
“Өмгөөллийн тухай” хуулийг 1994.12.9-нд
“Захиргааны хариуцлагын тухай” хуулийг 1992.11.27-нд
“Хувь хүний нууцын тухай” хуулийг 1995.4.21-нд
“Шүүхийн тухай” хуулийг 1993.2.4-нд
“Прокурорын тухай” хуулийг 1993.4.23-нд тус тус баталсан.
16/ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;
“Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хуулийг 1994.7.7-нд баталсан.
17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;
“Төрийн нууцын тухай” хуулийг 1995.4.19-нд
“Хувь хүний нууцын тухай” хуулийг 1995.4.21-нд
“Байгууллагын нууцын тухай” хуулийг 1995.5.16-нд тус тус баталсан.
18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.
“Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай” хуулийг 1993-12-24-нд баталсан.
Арван долдугаар зүйл
1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:
3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх;
“Татварын ерөнхий хуулийг 1992.11.23-нд татварын бусад багц хуулиудыг 1992-1993 онд баталсан.
Арван наймдугаар зүйл
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.
“Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийг 1993.12.24-нд баталсан
Арван есдүгээр зүйл
2. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.
“Онц байдлын тухай” хуулийг 1995-11-14-нд баталсан.
Хорин нэгдүгээр зүйл.
4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг 1996.1.16-нд баталсан.
Хорин тавдугаар зүйл
2/ төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;
“Монгол Улсын Хөгжлийн үзэл баримтлал”-ыг 1996.5.3-нд,
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг болон
“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг 1994.6.30-нд баталсан
“Төрөөс хөдөөгийн бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийг 1996.5.20-нд
“Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлого”-ыг 1996.4.22-нд баталсан.
16/ ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;
“Ард нийтийн санал асуулгын тухай” хуулийг 1995.10.18-нд баталсан.
Гучин гуравдугаар зүйл
4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийг 1993.06.05-нд баталсан.
Гучин наймдугаар зүйл.
3. Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
“Монгол Улсын Засгийн газрын тухай” хуулийг 1993-05-06-нд баталсан.
Дөчин наймдугаар зүйл
2. Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
“Шүүхийн тухай” хуулийг 1993.2.4-нд баталсан.
Тавин зургадугаар зүйл.
3. Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
“Прокурорын тухай” хуулийг 1993.4.23-нд баталсан.
Жаран гуравдугаар зүйл.
3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
“Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийг 1992.8.18-нд баталсан.
Анхны УИХ Монгол Улсыг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
1992-1996 онд УИХ зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихтэй холбоотой тулгуур хуулиудыг олныг баталсан. Тэдгээрэс заримыг дурдвал:
Улсын төсвийн тухай,
Нягтлан бодох бүртгэлийн тухай
Татвар, төлбөр, хураамжийн багц хууль,
Гаалийн тухай,
Гаалийн тарифын тухай,
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай,
Статистикийн тухай,
Шудрага бус өрсөлдөөнийг хориглох тухай,
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай
Үнэт цаасны тухай
Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Нөхөрлөлийн тухай
Хоршооны тухай
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай
Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалтын тухай
Гадаад худалдааны арбитрын тухай
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай
Авилгалын тухай
Хүнсний тухай
Эрчим хүчний тухай
Харилцаа холбооны тухай
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Ой хээрийг түймрээс хамгаалах тухай зэрэг 137 хууль шинээр баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Олон улсын 40 гэрээг соёрхон баталж, 46 хуулийг хүчингүй болгож, 374 тогтоол гаргасан юм.
1992-1996 оны УИХ-ын гишүүн асан Шарайд Догдомын Дагвасүрэн
Эх сурвалж: ikon.mn
|