Чоно борооноор буюу ЭРХ БАРИГЧИД иргэдээ ингэж хулхидав
Монгол даяараа 2017 оны сүүлийн сарын турш навсайтал шинэ жилийн баяр тэмдэглэсэн. Дараа нь бас хуулийн дагуу хэд хоног амраад ажил төрөлдөө орцгоолоо. Ингээд иртэл баахан татварын нэмэгдэлтэй нүүр тулав. Гайхлаа, очлоо, самгардлаа, сүүлдээ уурлаж бухимдлаа.
Уг нь он солигдохоос өмнө зарим нэг хүн энэ талаар мэр сэр дуугараад л байсан. Баярлаж гүйгээд тоосон хүн ховор байсан л даа. Харин одоо нэгэнт тулж ирээд, халаасыг нь тэмтчээд эхлэхээр “…Юу болов” гээд сэртхийцгээж байх шиг байна.
Гэтэл манай эрх баригчид 2018 он гарангуут нийт долоон төрлийн татварыг нэмэхээр аль хэдийнэ шийдчихсэн байдаг. Татварын шинэ хуулийг УИХ-аар оруулаад баталчихсан. Ингэхдээ Хувь хүний орлогын албан татварыг 2-3 дахин нэмсэн байдаг. Энэ нь 1.5 сая төгрөгөөс илүү гарсан цалинтай хүн байж болохгүй гэсэн төрийн бодлого хэрэгжлээ гэж харагдаж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг бас нэмсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг хүчээр цомхотгол гэдэг юм руу түлхэж, улмаар хаалгаа барь л гэсэн үг. Бензин, түлшний онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ нэмж, үүний ачааг иргэд л үүрэх нөхцөл үүсэв.
Үе үеийн Засгийн газар шатахуун импортлогчдын аманд орж, шантаажийг биелүүлэн, ард түмний татварын мөнгөнөөс татаас өгч үнийг нь барьж аргацаасаар ирсэн. энэ байдал өнөөдөр ч давтагдаж байгаа юм.
Төр авах ёстой татвараа нэмэх гэхээр өөдөөс нь татаас нэхдэг горимыг ойлгоход бэрх. Өнөөдөр шатахуун импортлогчид “…Татвар нэмж байгаа бол 260 тэрбум төгрөгийн татаас өг. Ийм татаас өгвөл бензин, түлшээ 50 төгрөгөөр, өгөхгүй бол 300 төгрөгөөр нэмнэ” гэж шантааж хийгээд суучихсан байна.
Зөвхөн дээр дурдсан татварын нэмэгдлийн хүрээнд хэчнээн янзын сөрөг үр дүн энэ улсад авчрах вэ гэдгийг эрх баригчид тооцоолсон эсэх нь тодорхойгүй. Мэдээж, тийм тооцоо байхгүй.
Тэгвэл ипотекийн юм уу, элдэв зээлд хамрагдах банкны шаардлага хангах хүн үгүй болно. Татвар, шимтгэлд дарамтлуулсан аж ахуйн нэгжүүд дампуурахгүй гэвэл хоёр тайлан гаргах зэргээр орлого ашгаа “оффшор”-дох хэрэгтэй болно. Манайхантай хамтардаг гадаадын хөрөнгө оруулагчид бизнесийн үйл ажиллагаагаа төлөвлөх боломжгүй болж байна. Даварсан шатахуун импортлогчид үнээ нэмснээр инфляц огцом нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар шууд муудна гэсэн үг.
Энэ мэтээр дурдаад байвал татвар нэмсэн эрх баригч МАН-ын шийдвэр Монголыг элгээр нь хэвтүүлэх л бодлого болж хувирна. Үр дүн нь алган дээр байгаатай адил тодорхой юм.
Гэтэл МАН өнгөрсөн сонгуулиар “…Татвар нэмэхгүй. Шинээр татвар бий болгохгүй” гэж амлаж гарч ирсэн. Магадгүй, МАН-ыг сонгосон хамгийн том шалтгаан нь энэ байх.
“Татвар нэмэхгүй” гэдэг мөрийн хөтөлбөртөө:
…Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно.
…Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасгана.
…Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлого хэрэгжүүлнэ.
…Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална.
…Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно.
МАН ингэж амлаж байж 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авсан байдаг юм. Харамсалтай нь зөвхөн энэ хэсэгт заасан амлалтуудаас нь хэрэгжсэн заалт байхгүй. Харин бүгд эсрэгээрээ явж байна. Сонгуулийн дараа УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд 2016 оны аравдугаар сарын эхээр Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажилласан. Түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн нар дагаж явсан байдаг. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд дээрх аймгуудын иргэдэд “…Татвар нэмэхгүй. Цалинг бууруулахгүй. Энэ бол УИХ-ын барьж буй бодлого. Засгийн газар 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1.0 хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн байна” гэж хэлж байв.
Одоо МАН-ынхан татварын нэмэгдлээ маш уран, гарцаагүй шалтгаанаар тайлбарлаж байна. Татвар нэмэхээр ард түмэн асууна. Асуухаар нь ингэж хариулна гээд бэлдчихсэн бололтой юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “…Хэрвээ бид Татварын хуулийг өөрчилнө гээд явах юм бол ОУВС-тай хэлэлцэж тохирсноосоо буцаж байна гэсэн үг” гэж байгаа юм. ОУВС гэж ард түмнийг айлгадаг хадны мангаа юм уу, аль эсвэл МАН-ынхны муу болгоноо чихдэг баруун хойд хар овоохой юм уу. Эрх баригчид сүүлийн төсөв санхүүтэй холбоотой юм болохоор “…ОУВС л” гээд суучихдаг болсон. Тэгэхээр ОУВС тэдний хувьд баруун хойд хар овоохой болчихоод байна гэсэн үг. Тэгээд ч ОУВС-гаас манай улсын Засгийн газарт “…Төсвийн орлогоо нэмэгдүүл” гэсэн болохоос “…Татвараа нэмж, ард түмнийхээ халаасыг ух” гэж хэлээгүй нь хэлцэл, тохирооны баримт бичигт тодорхой байгаа аж.
Нөгөөтэйгүүр ОУВС-гийн зөвлөсөнчлөн төсвийн орлогыг нэмэгдүүлэх өчнөөн олон арга зам харагдаад байгаа юм.
Тавантолгой, Хармагтай зэрэг бусдад үнэгүй шахам ухуулаад байгаа ордуудаа ашиглаж, “хөдөлгөж” эхлэх хэрэгтэй. Оффшорт аваачаад нуучихсан олон сая ам.долларыг оруулж ирвэл бас хэрэг болно. Өмнөх Засгийн газрын үед татварын хөнгөлөлтөд хууль бусаар хамрагдсан гээд байгаа Уул уурхайн сайд асан Ц.Дашдоржийн “Монголтамхи Со” компанийн асуудлыг нэг тийш шийдвэл яасан юм бэ. Энэ компани хууль бусаар 25 хувийн татвараас чөлөөлөгдсөн нь үнэн бол улсад жилд 30 тэрбум төгрөг орж ирнэ гэх мэдээлэл яваад байна.
Мөн энэ Засгийн газар төсвийн хэмнэлт гаргахын тулд зарим нэг бүтцийн өөрчлөлтийг хийх шаардлагатай байгаа юм. Ард түмэнд “…Татвар нэмэхгүй” гэж амласнаасаа буцаж чадсан юм чинь Ардын намынхаа хэдэд “Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй” гэснийгээ мартахад юухан байх билээ. Засгийн газарт Дэд сайд гэж шал хэрэггүй албан тушаал бий. Олигтойхон ажил үүрэг ч гэж байхгүй. Шагналын ч юм шиг, сайдад тавьсан тагнуул ч юм шиг албан тушаал байдаг юм. Нэгэн улстөрчийн мэдээлж байснаар Дэд сайдын сарын цалин хангамж нь дөрвөн сая төгрөг болдог. Бүх дэд сайдын жилийн зардал нь 624 сая төгрөг гэсэн үг. Дөрвөн жилээр тооцвол 2.5 тэрбум төгрөг болно. Энэ нь хоёр цэцэрлэг, эсвэл 4167 багшийн сарын цалин болно гэж байгаа юм. Овоо мөнгө шүү. Дээрээс нь зарим нэг агентлагийг татан буулгаж, нөгөөтэй нь нэгтгэх арга хэмжээг ч авах хэрэгтэй юм. Ингээд ирэхээр заавал ядарсан ардуудынхаа халаас хотыг ухаад байх хэрэггүй болно.
Ер нь бол МАН өнгөрсөн сонгуульд амласнаа биелүүлдэггүй юм гэхэд арай ингэж боломгүй байгаа юм. Сөрөг хүчин АН болон МҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Бас ард түмэн энэ дарамтыг хамгийн ихээр эсэргүүцэж байна. Эд бүгдээрээ нэг л санаа хэлж байгаа юм. Тэр нь “…МАН-ынхаан амлалтаа санаач ээ” гэж байгаа хэрэг юм. МАН мартавч, мань мартаагүй л байгаа шүү.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|