Шинэчлэл эд эрхтэн шилжүүлэхэд төвлөрнө

2018 оны 1 сарын 10

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улс тархи эдгэшгүй өөрчлөлтөд орсон, бусад эрхтэн нь зохиомол амьсгалын аппаратны тусламжтайгаар хэвийн ажиллаж байгаа донороос 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Манай оронд энэ мэт хагалгааг хуулиар бус сайдын баталсан журмаар хийдэг байна.

Гэхдээ элэг бөөрнөөс бусад эрхтнийг шилжүүлэн суулгахад заавал тархины үхжилттэй донороос тухайн эрхтнийг авч, шилжүүлэн суулгадаг. Харин шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд эрхтний донорын сүлжээ, хариуцсан нэгж Эрүүл мэндийн хөгжлийн төвд бий болж, нэгдсэн бүртгэлтэй болно. Ингэснээр донорын эх үүсвэр өргөн хүрээнд шийдэгдэж, зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хүн дээр хийгдэх бололцоо нээгдэнэ хэмээн үзэж буй.

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэх хууль шаардлагатайг ДЭМБ-аас зөвлөжээ

УИХ-ын НББСШУ-ы Байнгын хороо өнөөдөр хуралдаж, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлгийг хийх юм.

Яг нэг жилийн өмнө Засгийн газраас уг төслийг өргөн барихдаа одоогийн мөрдөж буй хууль цаг үеийн шаардлагыг хангахгүй байна хэмээн үзэж байв. Учир нь, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэх болсон. Тэр дундаа нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гаднын шалтгаант осол гэмтэл эзэлж жилээс жилд төрөлт нэмэгдэж байгаа ч хүндрэл нь буурахгүй, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа.

Харин нөгөө талдаа өвчтөн өөрөө болон ар гэр нь санхүүгийн дарамтад шууд ордог, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэе гэсэн ч эд, эрхтэний донор байдаггүй зэрэг асуудлууд их. Тиймээс амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах зэрэг зохицуулалтыг хуулийн шинэчилсэн төсөлд оруулж өгчээ. Мөн цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг ч оруулсан байна.

Тэгвэл хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэн “ДЭМБ-аас тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг бидэнд өгсөн. Хуулийн төсөлд донорын эд эрхтэнг тээвэрлэх, хадгалах, шилжүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн донорын санхүүжилт, урамшуулал, нийгмийн асуудлыг дэмжих тогтолцоог боловсронгуй болгохоор тусгасан” хэмээн хэлэв.

Эрхтэн шилжүүлэх хагалгааг хуулиар бус сайдын баталсан журмаар хийдэг

Харин Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч П.Батчулуун хуулийн төсөлд Эрүүл мэндийн яамны дэргэд тархины үхжилттэй донорыг бүртгэдэг, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орох хүмүүсийг бүртгэдэг, эдгээр хүмүүсийн хуваарилалтад хяналт тавих үүрэг бүхий алба бий болгохоор тусгасан талаар нэмж тайлбарласан юм. Харин дэлхийн улс орнууд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн авах зохицуулалтыг тун энгийнээр шийдсэн байдаг аж. Тухайлбал, Япон орон жолооч бүрт олгосон үнэмлэх дээрээ “Хэрэв амь насаа алдсан тохиолдолд миний эд эрхтнийг донор болгон ашиглаж болно” гэсэн зөвшөөрөл бүхий тэмдэглэгээг хийсэн байдаг аж. Мөн гэр бүл, төрөл төрөгсдөөс нь зөвшөөрөл авдаг зохицуулалт ч бий.

Энэ бол амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа иргэнээ, мөн эрүүл иргэнээ ч аварч буй зохицуулалт гэж үздэг байна. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл манай сонинд өгсөн ярилцлагадаа “Гэмт хэргийн улмаас, эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан иргэнээс эд эрхтэн авахгүй байх”-ыг хуулийн төсөлд оруулж өгснийг хэлж байв.

Учир нь, энэ төрлийн хэрэгцээ шаардлага хүний болон эд эрхтэний наймаатай холбогдох эмзэг асуудал тул ийн болгоомжлох үүднээс хуулийн төсөлд дээрх зохицуулалтыг хийж өгсөн байна. 

Б.Энхжаргал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52117
0 эможи
keyboard_arrow_up