Улсын төсөв “ДАХИН ХУВААРИЛАЛТ”-ын үүрэг гүйцэтгэж чадаж байна уу

2018 оны 1 сарын 05

Улсын төсөв гэж “том тогоо” байдгийг бүгд мэднэ. Төр зохицуулагчийн үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай зардлыг хамтын хүчээр босгож байгаа хэлбэр. Энэ төсөв тодорхой үүрэгтэй. Тоочвол, хуваарилалтын, дахин хуваарилалтын, зохицуулалтын, урамшууллын, нийгмийн, төлөвлөгөөний гээд олон үүргийг гүйцэтгэдэг бодлого юм.

Arslan.mn

Дөнгөж эхэлж буй 2018 оны төсөв нийт 7 их наяд 231.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс үүний 86.7 хувийг нь миний, таны, бид бүгдийн татвараас бүрдүүлэхээр зохиогдож, УИХ-аас хуульчлагдсан. Энэхүү татварын орлого дунд та бидний заримыг бухимдуулаад байгаа шаталсан татвар буюу нэмэгдлүүд ч багтаж байгаа юм.

Монгол Улс олон улсын стандарт аргачлалаар бол татварын дарамт 33 хувь, ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ буюу Засгийн газрын хэмжээ 44 хувьтай гэж гарсан байдаг. Сайн засаглал, сайхан хөгжлийн жишээнд яригддаг Норвегийн хувьд татварын дарамт 43 хувь, ДНБ-тэй нь харьцуулбал улсын төсөв нь 44 хувь гэж гарчээ. 

Татварын дарамт Норвеги болон Нордикийн орнуудад Монголынхоос хамаагүй өндөр байгаа боловч тэдгээрт төсвөөс үзүүлэх боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээ, хөрөнгө оруулалт нь тэр хэрээрээ өндөр. Нордик орнууд буюу Дани, Финланд, Швед, Норвеги, Исланд зэрэг хойт Европын орнууд төрийн санхүүжилтээр нийгмийн хамгааллын тогтолцоогоо бэхжүүлж, нийгмийн дундаж давхаргыг бүрэлдүүлж чадсан гэж үнэлэгддэг. Энэ нь боломжтой хэсгээс нь татвараар хурааж авсан мөнгийг анхаарал шаардлагатай хэсэг рүү хуваарилах замаар бий болгосон хөгжлийн загвар гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, төсөв үндсэн нэг үүрэг болох “дахин хуваарилалт”-ын үүргээ сайн гүйцэтгэж байгаа жишээ юм. Харин Монголд төсөв боломжтой хэсгээс татсан мөнгөө боломжгүй хэсэг рүү бодлого болгон дахин хуваарилах үндсэн үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг асуултыг тавиад үзвэл “хангалтгүй” гэсэн хариултыг зарим судлаач өгөх байх.

Улам бүр нэмэгдээд байгаа татварын мөнгө маань бидний хэрэгцээ, шаардлагыг хангасан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын тогтолцоог санхүүжүүлдэг бол өөр хэрэг. Харамсалтай нь бүр эсрэгээрээ бидний татвар нийгмийн аль бололцоотой хэсгийн эрх ашгийг хангахад чиглээд байна гэх үзэл бодол зарим судлаачид бий.

ТАТВАР ХААШАА “УРСАЖ” БАЙНА ВЭ?

МАН 2016 онд сонгуулийн дараа төрийн эрхийг хүлээн авахад байдал хүндхэн байжээ. Энэ үед сонгуулийн амлалтаасаа эрс татгалзаж, татваруудыг зарим төрөлд шаталсан хэлбэрээр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь учир шалтгаантай гэдгийг нэг талаар зөвтгөж болохоор байж. Гэхдээ хамгийн зөв нь гэж хэлэхэд учир дутагдалтай. Жил бүрийн төсвийн алдагдал, нэг үгээр бол дутагдсан мөнгөө нөхөхийн тулд ч юм уу, Засгийн газар үнэт цаас гаргаж, арилжааны банкуудаас дээд тал нь 18 хувийн хүүтэй зээлийг үнэт цаасаа барьцаалах замаар зээлсээр байв.

2016 оны эцсээр гэхэд арилжааны банкуудад төлөх үнэт цаасны өр 3.2 их наяд төгрөгт хүрсэн байв. Улсын төсвөөс /нийтийн санхүү/ арилжааны банкуудад төлөх Засгийн газрын үнэт цаасны зөвхөн хүүгийн төлбөр гэхэд 850 тэрбум төгрөгт хүрээд байв. Энэ нь 2017 оны улсын төсвийн нийт цалингийн сангийн 60 хувьтай, улсын төсвийн татварын орлогын 20 хувьтай тэнцсэн юм.

Засгийн газрын үнэт цаасыг барьцаалаад 13-18 хувийн хүүтэйгээр мөнгөө зээлүүлсэн арилжааны банкуудын ашиг нэг үгээр бол улсын төсвөөс хийгдсэн гэсэн үг. Бидний татвар нийгмийн үйлчилгээ рүү буюу улсаас л харж хандахгүй бол болохгүй салбар руу биш арилжааны банкууд руу ч юм уу ашиг болж очоод байгаа хэрэг. Хувийн хэвшлийнхэн хэзээ ч сонирхохгүй, ашиг өгөхгүй салбаруудаа улсаас л харж хандахгүй бол болдоггүй.

Яг тийм зорилтот хэсэг рүү биш өөр ашиг сонирхлын бүлэглэл рүү татварын мөнгө шимэгдчихээд байвал улсын төсвийн “дахин хуваарилалт”-ын шударга зарчим алдагдаж, эцэст нь татвар төлөгчид бухимдаж эхэлнэ. Яг ийм үйл явц өрнөх нөхцөл өнөөдөр бүрдээд байгааг татварын нэмэгдлийг эсэргүүцэж буй сүүлийн өдрүүдийн бухимдал илэрхийлж байна.

Уг нь татварын “философи” хаана мөнгө байна, тэнд оногдож байх ёстой. Хаана хор хохирол бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ цэцэглэж байна тэнд түлхүү хувиар оногдох ёстой. Энд нэг тоо хэлэхэд Монгол Улсын нийт борлуулалтын орлогын 96 хувийг нийт аж ахуйн нэгжийн 7 хувь хийдэг. Нийт орлогын 4 хувийг нийт аж ахуйн нэгжийн 93 хувь нь хийдэг гэх тоо бий.Борлуулалтын 96 хувийг хийж байгаа 7 хувьд татвар түлхүү оногдох ёстой гэсэн логик байж болно гэсэн үг.

Улсын төсөв болон татвараас бүрдүүлдэг нийтийн санхүүгийн үндсэн нэг үүрэг нь дахин хуваарилалтын үүрэг гэж үзвэл бидний татвар нийтийн эрх ашигт үйлчлэх салбар руу санхүүжилт болон хуваарилагдаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг дор дороо боломжоороо нягтлан үзэхэд илүүдэхгүй бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51890
0 эможи
keyboard_arrow_up