О.Баасанхүү: Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар шууд болон шууд бусаар шүүхэд нөлөөлж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "МАХН-ын нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс миний нэр төрд халдаж байна. Маргааш болох гэж байгаа Улсын Дээд Шүүхийн хуралд шууд болон шууд бусаар нөлөөлөх зорилготой хэвлэлийн хурал хийсэн. МАХН-ын Их чуулганы шийдвэр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхтэй холбогдуулан Улсын Дээд Шүүх маргааш буюу 2018.01.05-ны өдөр хуралдаж, 10:30 минутад шийдвэр гаргах ёстой.
Процесс явцыг харахад Дээд Шүүхийн шийдвэр нааштай гарна гэдэгт эргэлзэж байна. 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр орой 17:00 цагийн үед тайлангийн хурлынхаа дагуу шүүгчийг хуваарилсан байна.
Томилогдсон шүүгчид бид материалаа өгөх гэсэн боловч маргааш шууд хурал хийнэ гэсэн. Бид нарт нотлох баримт цуглуулах хугацаа өгөхгүй байна. Тэгэхээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар шууд болон шууд бусаар шүүхэд нөлөөлж байна гэж хардаж байна. Олон удаа миний нэр төрд халдаж байгаа. Энэ талаар ТЕГ дээр шалгалт явагдаж байгаа.
Миний амь нас, эрүүл мэндэд халдана гэж заналхийлсэн. МАХН-ын эгэл жирийн гишүүдийг мөрдөн мөшгөж, хавчин гадуурхаж байна. Олон хүмүүс намайг эргүүлэн татах талаар ярьж байгаа. Шаардлагатай бол УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна.
Хамгийн гол нь шударга ёсны талд зогсоно. Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ын даргаар мөнхийн байх ёстой юм биш. Би прокурор руу албан тоот явуулна. Намаа цэвэрлэх гэж явж байгаа. Шүүхэд нөлөөлж байгаад би их харамсаж байна. Н.Энхбаяр дарга 40 мянган доллараа Шийлэгдамбад төл. Шийлэгдамба гэдэг хүн таван жилийн ял авчихсан. 40 мянган долларыг авсан гэдэг нь баримтаар тогтоогдсон" гэлээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|