Улс төрийн богино мөчлөг ба сонгуульгүй жил

2018 оны 1 сарын 03

- Дөнгөж эхэлж буй 2018 он бол энэхүү богинохон мөчлөг дунд тохиож буй хамгийн таатай он юм. Энэ онд ээлжит сонгууль тохиохгүй, Засгийн газар солигдохгүй. Улстөржих шаардлагагүй, урдахь ажлуудаа урагшлуулах боломж бүхий хамгийн бодит утгатай он гарч байна-

Arslan.mn

Монгол Улсын эдийн засаг хэд хэдэн мөчлөг дагаж өгсөж урууддаг. Тодруулбал,  нэгдүгээрт уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөг, хоёрдугаарт, байгаль цаг уурын мөчлөг, гуравдугаарт улс төрийн мөчлөг. Эхний хоёр мөчлөг биднээс төдийлөн хамаарахгүй бол гуравдугаарх буюу улс төрийн мөчлөг нь цэвэр “дотоодын бүтээгдэхүүн” юм.

Дөрөв, дөрвөн жилийн давтамжтайгаар төрийн эрх нэг улс төрийн хүчнээс нөгөөд шилждэг энэхүү мөчлөг эдийн засагт үлэмж нөлөөтэй төдийгүй өнгөрсөн хугацаанд уг мөчлөг улам бүр богиносох болсныг тэмдэглүүштэй. Сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар зайлшгүй солигддог болсноор улс төрийн мөчлөг нэг Засгийн газрын насыг дагаж 1.6 жил болж богиносчээ. Энэ мөчлөг нь эдийн засаг, бизнесийн эрхлэгчдийн үйл ажиллагаанд их, багаар нөлөөлж буйг улстөрчид төдийлөн ойшоолгүй явсаар байгаа. 

Дөнгөж эхэлж буй 2018 он бол энэхүү богинохон мөчлөг дунд тохиож буй хамгийн таатай он юм. Энэ онд ээлжит сонгууль тохиохгүй, Засгийн газар солигдохгүй. Улстөржих шаардлагагүй, урдахь ажлуудаа урагшлуулах боломж бүхий хамгийн бодит утгатай он гарч байна. Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын мэндчилгээнд дурдсан зорилт, зорилгуудаас харвал 2018 оныг хэн хэн нь бодит ажлыг чухалчилсан он жил байгаасай гэж хүсч байгаа ажээ. Түүнчлэн УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёрын мэндчилгээнд монголчууд “нэг зорилготой”, “нэгдмэл эрх ашигтай”, “эв нэгдэлтэй байх”-ыг чухалчилсан үг, өгүүлбэр багтсан байлаа. Аливаа улс орны төрийн бодлого, зорилго жил бүр урагш ахих байдлаар өөрчлөгддөг байтал монголчууд сүүлийн 800 жилийн турш “эв нэгдэлтэй байх”-ыг эрхэм зорилгоо болгож байгаа нь энэ гэх ёжлол соошл сүлжээнд тренд болох шинжтэй.

Ерөнхий сайд шинэ оны мэндчилгээнд эдийн засагт ногоон гэрэл асч байна гэж тодотгосон бол УИХ-ын дарга мөн л “эдийн засаг өсөлттэй, өрийн дарамтгүй” жил ирж байгааг онцолсон байлаа. Үнэхээр ч ирж буй 2018 онд эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарахыг эдийн засагчдын тоймлож буй юм. 

Алтны хэмжээ-валютын нөөц-төгрөгийн ханш

Оны эхний сайн мэдээ нь Монголбанкинд тушаагдсан алтны хэмжээ 20 тоннд хүрсэн мэдээ байв. Энэ нь яагаад сайн мэдээ болохыг ойлгохын тулд дараах тоон үзүүлэлтүүдийг дурдья.

2006-2008 онд тохиосон эдийн засгийн тэлэлтийн үед экспорт жил болгон 34 хувиар өсч, алт тушаалт 10 тоннд хүрч байв. Харин 2009 онд тохиосон эдийн засгийн хямралын үед экспорт 24 хувиар агшиж, аль тушаалт хоёр дахин багасч таван тоннд хүрсэн юм. Үүнээс хойш жилд тушаагдсан алтны хэмжээ 8-9 тоннд хүрч байсантай харьцуулбал 20 тонн гэдэг нь таатай үзүүлэлт юм. Үүнийг дагаад улсын гадаад валютын нөөц нэмэгдэх, төгрөгийн ханш тогтвортой байх, цаашлаад буурах зэрэг эерэг үр дагаврууд бий болно гэж эдийн засагчид үзэж байна.

Экспортын орлого нэмэгдэнэ

Эдийн засагчдын прогнозоор бол алт тушаалтын хэмжээ ойрын гурван жилдээ тогтвортой хадгалагдах төлөвтэй байгаа бол ирэх гурван жилд экспорт 14 хувиар өсөх хүлээлттэй байгаа аж.

Экспорт өсөх хандлагын цаад суурь шалтгаан нь Хятад улс нүүрс илүү худалдан авч байгаатай ихээхэн холбоотой. 2017 оны ажиглалтаар бол нийт экспортын 40 хувийн өсөлтийн 97-98 хувийг нь зөвхөн нүүрсний экспорт дангаараа эзэлж байгаа ба  нүүрсний экспорт дагасан энэ сэргэлт хэр тогтвортой вэ гэдэг асуулт тавигдана. Үүний хариултыг БНХАУ-ын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн ойрын 2-3 жилийн төсөөлөлтэй уялдуулан авч үзэхээс өөр аргагүй юм.

Тэгвэл Хятадын өсөлт цаашид 7 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь бидэнд таатай нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид харж байна.  Тус улсын аж үйлдвэрийн индикаторууд өсөлттэй гарч байгаа. Ялангуяа коксжих нүүрсний зах зээл дээр Монголын сайн чанарын нүүрсгүйгээр Хятадын аж үйлдвэрийг төсөөлөх аргагүй. Хятадууд Монголын үнслэг багатай сайн чанарын нүүрсийг авч, дотоодын нүүрстэйгээ хольж аж үйлдвэрийнхээ гол түүхий эд болгож хэрэглэдэг.

Тэгэхээр дунд хугацаанд Монголын нүүрсний суурь эрэлт байна гэсэн үг. Нөгөө талаас үнэ сэргэж, ялангуяа коксжих нүүрсний үнэ тонн тутамд 30 ам.доллараас 60-69 ам.долларт хүрч байгаа ч тэнцвэртэй үнийн түвшинг хятадууд 70-90 ам.долларын орчимд гэж төсөөлж байгаа аж. Монголын нүүрсний үнэ үүнээс арай бага, түүнчлэн эрчим хүчний нүүрсний үнийн хувьд төсөөлөл тийм ч таатай бус. Гэхдээ коксжих нүүрсний хангалттай их экспорт хийх бололцоотой гэж эдийн засагчид тооцоолжээ. 

Харин зэсийн үнийн өсөлт хамгийн гол найдвар болж байгаа. Учир нь зэсийн экспорт дээр хүлээгдэж байснаас хавьгүй эерэг хандлагууд бий болж, сүүлийн 15 сарын хугцаанд үнэ нь бараг 45 хувиар өсөөд буй юм. Олон улсын аналистууд зэсийн тэнцвэртэй үнийг 6,000-6,200 ам.доллар гэдэг түвшинд тооцоолж байсан ч ч одоогийн тонн тутамд 7,000 ам.доллар гэдэг үнэ 2018 он, түүнээс цаашхи хугацаанд хадгалагдах төлөвтэй байна. Монгол Улс зэсийн экспортоо нэмэгдүүлж 2016 оны түвшиндээ хүргэж чадвал үнийн энэхүү өсөлтөөр 600-аад сая ам.долларын нэмүү орлого олох боломж харагдаж байгаа аж. 

Хамгийн гол нь эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой, элдэв сонгуульгүй энэ жилд тэрхүү өсөлт, эерэг үр дагавруудыг ажлын байр, бодит бүтээмж, хөрөнгө оруулалт, хуримтлал болгож чадах эсэх нь эрх баригчдын бодлогоос шалтгаалахаар байна. Тэр дундаа 2018 он ажил хийхэд хамгийн таатай жил. Үүнийг алдвал 2019 он сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа нэлээдгүй улстөржихийг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51773
0 эможи
keyboard_arrow_up