Манай улс Канадаас хөгжлийн тусламж авах орнуудын тоонд багтлаа
Канад Улсын Засгийн газар тус орноос хөгжлийн албан ёсны тусламж авах орны онцгой жагсаалтад Монгол Улсыг анх удаа оруулснаа албан ёсоор зарлалаа. Уг жагсаалтыг 5 жил тутам шинэчилдэг бөгөөд энэ удаагийн жагсаалтад өмнөх жагсаалтад байсан 2 улсыг хасч, шинээр 7 улсыг оруулжээ. Уг жагсаалтад багтсан 25 орон Канад Улсын Засгийн газраас ирэх 5 жилд гадаад оронд үзүүлэх хөгжлийн тусламжийн 90 орчим хувийг авах юм байна.
Эл жагсаалтад Монгол Улсыг оруулсан нь манай улсад ардчиллыг бэхжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд ийм шийдвэр гаргахад Канадын Ерөнхий сайд С.Харперын нөлөө их байсан гэж Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Гөүлдхок Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзахдаа онцлон тэмдэглэв.
Канадын Засгийн газрын 2013 оны хөгжлийн албан ёсны тусламжийн 5,2 тэрбум ам.долларын 80 гаруй хувийг өмнөх жагсаалтын 20 орон авч байсан бөгөөд Монгол Улс онцгой жагсаалтад багтсанаар манай улсад олгох тусламж эрс нэмэгдэнэ гэж Элчин сайд нь мэдэгдэв.
Канадын Засгийн газрын хөгжлийн албан ёсны ерөнхий тусламжийн хүрээнд Монгол Улсад 1997 оноос хойш 5,1 сая ам.долларын тусламж үзүүлж ирсэн байдаг хэмээн Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.