“Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах, УИХ-ын ээлжит чуулганыг 75-аас доошгүй ажлын өдөр болгохыг иргэд дэмжсэн“
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгээс Д.Лүндээжанцан нарт гардуулан өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд ямар саналыг дэмжсэн болон дэмжээгүй талаар танилцууллаа.
Тэрбээр "Хэлэлцүүлсэн төслийн нэгдүгээр бүлэгт сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалтад 274,708 иргэн санал өгснөөс 206,092 нь дэмжсэн.
- Тухайн жилийн улсын төсвийн төсөвт зардлын төрөл үүсгэх, нэмэгдүүлэхийг хориглох хэсэгт 280,170 иргэн санал өгснөөс 201,843 иргэн дэмжсэн байна.
- Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэрийг нарийвчлах,
- УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох,
- Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах,
- Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах гэснийг иргэд дэмжсэн
- Түүнчлэн Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний 3/1 нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах,
- Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, Засгийн газрын гишүүнийг огцруулах, чөлөөлөх,
- Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг Үндсэн хуульд нэрлэн заах, Ерөнхий сайд 7 хүртэлх яамыг нэмж байгуулахыг иргэд дэмжсэн.
Харин Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх хэсгийг хасах гэснийг иргэд дэмжээгүй" гэлээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд нийт зургаан багц сэдвийн хүрээнд иргэдийн саналыг авсан юм. Олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр Үндсэн хуультай холбоогүй саналууд ирсэн байна. Эдгээр саналыг харъяа байгууллагуудад хүргүүлэх талаар ажлын хэсгийн дуулгалаа.