Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орсон тухай

2017 оны 12 сарын 11

Жагсаалтад яагаад оров?

Хэнд ашигтай вэ?

Хэнд хохиролтой вэ?

Учгийн тайлал, шийдэл...

Т.АЮУРСАЙХАН /Эдийн засагч, доктор, УИХ-ын гишүүн/ 

Оффшорт нуусан мөнгөн хөрөнгийг ил болгох, улс оронд нь татан төвлөрүүлэх, эдийн засгийн үр ашиг бий болсон тухайн улс оронд нь татвар төлөгдөж байх зохицуулалт олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлаж үр дүнд хүрэх боломжтой. Уг асуудлыг 2016 оны 2 дугаар сарын 26-27 өдрүүдэд Шанхай дахь хуралдаанаар G20 улсуудын Сангийн сайд нар дэвшүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 14-15 өдрүүдэд Вашингтон дахь хуралдаанаар G20 улсуудын Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүн нарын хуралдаан сайшаан баталж, энэ нь BEPS Үйл ажиллагааны чиглэлийн үндэс болсон билээ. Улмаар BEPS /Base Erosion and Profit Shifting/ буюу Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахыг таслан зогсоох багц хөтөлбөрийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага OECD болон G20 улсууд хамтран боловсруулж, 2016 оны 6 дугаар сард BEPS Үйл ажиллагааны чиглэлийг баталсан юм.

BEPS нь ашгийг эдийн засгийн үйл ажиллагаа дутмаг буюу огт үгүй хэрнээ бага буюу тэг татвар бүхий бүс рүү, өөрөөр хэлбэл оффшор бүс рүү зувчуулах боломжийг олгосон татварын тогтолцооны хийдэл, нугалааг арилгах стратеги хөтөлбөр юм. BEPS нь үндэстэн дамнасан корпорациудын мөлжлөгт нэрвэгдэж, хөгжих эсэх нь тэдгээрээс авах эсэх татвараас өндөр хамаарал бүхий хөгжиж буй улс орнуудын хувьд нэн өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хөгжиж буй жижиг улсууд үндэстэн дамнасан корпорациудын зүй бүс үйл ажиллагааг өөрчлөхөд олон улсын хамтын ажиллагааны дэмжлэгийг авна гэсэн үг юм.

OECD/G20 BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэх, амлалт өгөхийг улс орнуудад санал болгоход дэлхийн 100 гаруй улс, үүний дотор 80 гаруй хөгжиж буй улс хүлээж авсан байна. 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Европын Холбоо саналыг хангалтгүй буюу огт хүлээж аваагүй 47 улсын "Саарал", 17 улсын "Хар" жагсаалтыг баталжээ.

Аж ахуйн нэгжийн "тэг" буюу бага татвар бүхий оффшор бүс болох Гернсни, Кэймэний арлууд, Жерси, Бермуд болон Хонконг, Швейцар зэрэг 47 улс татварын шударга тогтолцоо, ил тод байдлыг дэвшүүлэх амлалт өгснөөрөө "Саарал жагсаалт"-д багтсан бол Монгол Улс зарим нь оффшор бүс бүхий 16 улсын хамт хамтын ажиллагаагүй улсуудын "Хар жагсаалт"-д бичигдээд байна.

Жагсаалтад орохгүйн тулд Монгол Улсын хувьд дэлхийн бусад 100 гаруй улс, үүний дотор 80 гаруй хөгжиж байгаа улсын адилаар Европын Холбооны BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх сонирхлоо эхний ээлжинд илэрхийлэхэд хангалттай байв.

Гэтэл Сангийн яамны зүгээс /Сангийн дэд сайдын гарын үсэгтэй боловч Сангийн яамны байр суурь гэсэн гарчигтай/ Европын Холбооны BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх талаар амлаж чадахгүй/үүрэг хүлээж чадахгүй гэж эрх бүхий субъектын өмнөөс байр сууриа илэрхийлснээр Европын Холбооны "Хар жагсаалт"-д орох үндэслэл болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс оффшортой тэмцэхэд хамтран ажиллах хүсэлгүй байна гэж Европын Холбоо үзжээ.

Сангийн яамны мэдэгдэл хууль санаачлах эрхтэй Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон хууль эрх зүйн зохих орчныг бүрдүүлэх эрхтэй УИХ-ын эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна. УИХ болон Засгийн газар татварын орчныг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Үүний зэрэгцээ зөвхөн улс төрчид бус, бизнес эрхлэгчдийг ч бас оффшорт мөнгө зувчуулж, татвараас зайлсхийхийн эсрэг Оффшорын эсрэг бүлэг УИХ-д үйл ажиллагаа явуулж байна. УИХ-аас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулж, зөвхөн улс төрчид төдийгүй тэдний хамаарал бүхий этгээд буюу бизнес хамтрагчид оффшорт мөнгөн хөрөнгө байршуулж, татвараас зугтахаас сэргийлсэн эрх зүйн зохицуулалт хийлээ. УИХ дахь Оффшорын эсрэг бүлгээс шаардсаны дагуу Засгийн газар Оффшор улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн шинэчилж баталлаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын парламент, Засгийн газар BEPS Үйл ажиллагааны чиглэлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна. Цаашид үүнийгээ улам гүнзгийрүүлэх шаардлага ч бий, боломж ч бий. Ийм байхад BEPS-тэй холбогдож Монгол Улс хамтын ажиллагаагүй улсуудын "Хар жагсаалт"-д орно гэдэг байж боломгүй зүйл юм.

Европын Холбоо жагсаалтуудыг эцэслэн баталж, албан ёсоор зарлахаас өмнө BEPS-д хангалтгүй амлалт өгсөн үндэслэлээр "Хар жагсаалт"-ын төсөлд бичигдээд байсан Турк Улс амлалтаа сайжруулснаар "Саарал жагсаалт"-руу орсон байхад Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх амлалтыг огт өгч чадахгүй гэсэн Сангийн яамны мэдэгдэл Монгол Улсын нэрийг "Хар жагсаалт"-д тамгалж орхив.

Тэгвэл BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхгүй байх хэнд ашигтай вэ?

Монголыг эдийн засгийн мөлжлөгт оруулсан Оюу Толгойн гэрээг баялгийг шавхаж дуустал нь хэвээр нь үргэлжлүүлж, бодит ашгийг нууцлах зорилготой Рио Тинто тэргүүтэй үндэстэн дамнасан корпорациуд Монгол Улсыг баялгаа шударгаар хүртэх олон улсын хамтын ажиллагаа, дэмжлэгээс ангид байлгахыг хүсч байна. Үндэстэн дамнасан корпорациудад OECD/G20 BEPS Үйл ажиллагааны чиглэл бус ОУВС-ийн тайвшруулан угжих хөтөлбөр ашигтай. Учир нь BEPS-т хамрагдсанаар Монгол Улс байгалийн баялгаасаа зохих үр ашгийг хүртэх замаар хямралаас гарч цаашид эрчимтэй хөгжих бол ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар их хэмжээний гадаад зээлээр амь тариа залгуулж, үндэстэн дамнасан корпорациудын эдийн засгийн мөлжлөгийг түр мартагнах болно. Ингээд эцэст нь баялаг нь дуусч, оронд нь их хэмжээний гадаад өртэй үлдэнэ. Хоёрдугаарт, оффшор бүсэд хөрөнгөө нуусан улс төрчид болон тэдний хамаарал бүхий бизнес этгээдэд ашигтай. Тэд Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нуугдмал хөрөнгө нь илчлэгдэхээс асар их айдастай байна. Европын Холбоо Монгол Улсыг Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг /BEPS Inclusive Framework/ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагаанаас ангид 17 улсын "Хар жагсаалт"-д оруулсан билээ. Өөрөөр хэлбэл, татвараас зайлсхийх, оффшор бүсэд мөнгөн хөрөнгө зувчуулахын эсрэг бусад улстай хамтран ажиллах хүсэлгүй улс гэж үзсэн юм. Гэтэл оффшор бүсэд хөрөнгөө нуусан улс төрчид болон тэдний хамаарал бүхий бизнес этгээдүүд үүнийг Монгол Улс өөрөө оффшор боллоо, оффшорыг үзэн ядах хэрэггүй, оффшорын эсрэг тэмцэгчдээс болж хар жагсаалтад орлоо, оффшор бол бизнесийн эрүүл шийдэл гэх мэт суртал ухуулгыг түгээж эхэлжээ. Үүнийг хэн, ямар хэрэгслээр түгээж байгаагаас захиалагч эздийг төвөггүй харж болно.

Гуравдугаарт, оффшор бүтцийг ашиглаж, татвараас зайлсхийгч бизнес эрхлэгчдэд ашигтай. Монгол Улсад орж ирж буй хөрөнгө оруулалтын 80 хувь нь оффшор бүсээс байна хэмээж эдийн засгийн өсөлтийн нэг хүчин зүйл болсон хөрөнгө оруулалтын ач холбогдолд дөрөөлж, хууль бус үйлдлээ хамгаалах оролдлогыг тэд идэвхтэй хийдэг. Аливаа хэлбэрээр татвараас зайлсхийхийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор хориглосон байдаг. Төрөөс бүх төрлийн үйлчилгээг авч буй аж ахуй эрхлэгч төрд татвараа төлөх үүрэгтэй юм. Хэрэв зарим хэсэг нь оффшор бүтцээр дамжуулж татвараас зайлсхийвэл энэ нь эдийн засагт тэгш бус байдлыг буй болгож, нийт иргэд, аж ахуй эрхлэгчдийн төрд итгэх, татвар төлөх итгэлийг сулруулдаг сөрөг үр дагавартай.

Харин BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхгүй байх хэнд хохиролтой вэ?

Нэн тэргүүнд Монгол Улсын нэр хүндэд хохиролтой. Дэлхий нийтээр оффшор дахь бохир болон татвараас зугтсан хөрөнгө, мөнгө угаах, терроризм, хар тамхи, зэвсгийн, хүний болон бусад хууль бус наймаатай үр дүнтэйгээр тэмцэхийг эрмэлзэж, үүнд хамтын хүчээ нэгтгэж байхад Монгол Улс хамтын ажиллагаанаас ангид гэсэн хар тамга даруулав.

Үүний зэрэгцээ улсын эдийн засагт хохиролтой. "Хар жагсаалт"-д орсноор Монгол Улсын эдийн засгийг шууд эрсдэлд оруулж байна. Тодруулбал, Европын Холбооны Сангийн сайд нар Монгол Улсын гадаад гүйлгээнд нэмэлт татвар ногдуулах болон санхүүгийн бусад хориг арга хэмжээ авахыг санал болгоод байна.

Гуравдугаарт, үндэстэн дамнасан корпорациудын Оюу Толгой болон бусад төслүүдийн үр ашгийг шударгаар хүртэхэд олон улсын хамтын ажиллагааны бодит дэмжлэгийг авах боломжгүй болж байна.

Дөрөвдүгээрт, оффшор бүтцийг ашиглаж хөрөнгөө нуух, татвараас зайлсхийх ажиллагаа хийж буй улс төрчид болон бизнес эрхлэгчдийг илчилж, хуулийн хариуцлага хүлээлгэхэд олон улсын хамтын ажиллагааны бодит дэмжлэгийг авах боломжгүй болж байна.

Одоо яах вэ?

"Хар жагсаалт"-д Монгол Улсын нэр бичигдсэн. Энэ нь анхааруулга, санал буюу урьдчилсан төсөл бус, эцсийн шийдвэр. Үүнийг тодорхой үр дагаврууд дагах тул жагсаалтаас гарахад чиглэсэн арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай. Дэлхийн 100 гаруй улс орон 2018-2019 онд багтааж BEPS 15 багц арга хэмжээг хангахад чиглэсэн эрх зүйн орчноо сайжруулах, олон улсын хамтын ажиллагаанд нэгдэх үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх амлалт өгснөөр хар, саарал жагсаалтад ороогүй. Тэгвэл Монгол Улс хар жагсаалтад орж байж уг жагсаалтад ороогүй улсуудтай адил арга хэмжээг авна гэдэг утгагүй юм.

Монгол Улс татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын конвенциудад хангалттай нэгдээгүй, татварын мэдээлэл ил тод бус, хууль тогтоомж дутуу дулимаг учраас Европын Холбооны "Хар жагсаалт"-д бичигдсэн мэтээр тайлбарлах оролдлогыг албаны зарим хүн хийж байна. Гэтэл манай улстай ижил нөхцөлтэй олон арван улс OECD/G20 BEPS IF буюу Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлснээр улсынхаа нэрэнд сэв суулгалгүй, 100 гаруй улсын олон улсын хамтын ажиллагаанд нэгдээд байна.

Монгол Улсын байр суурийг Сангийн дэд сайд илэрхийлэхгүй бөгөөд тэрээр эрх бүхий субъектын байр суурийг уламжлах үүрэгтэй. Түүний хувийн байр суурь илэрхийлж Европын Холбооны Зөвлөлийн холбогдох албан тушаалтанд илгээсэн захидлыг залруулах арга хэмжээг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэн яаралтай авах шаардлагатай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх хэмжээний үр дагавартай асуудал үүсч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн үйл ажиллагаа явагдаж, ашиг буй болсон Монголдоо татварыг төвлөрүүлэх, байгалийн баялгийн ашгаа шударгаар хүртэх, үндэстэн дамнасан корпорациудын мөлжлөгөөс салах, авлига үнэртсэн ашиггүй гэрээнүүдийг өөрчлөх, оффшорчдыг илрүүлэх, оффшор бүс дэх хөрөнгийг эх орондоо татан төвлөрүүлэх, холбогдох этгээдэд зохих хариуцлагыг тооцох бодит боломж бүрдэх юм.

Энэ дашрамд, бид оффшортой тэмцэх асуудлыг зөвхөн улс төрчидтэй холбоотой төдий бус, бизнес эрхлэгчид ч бас оффшорт мөнгө байршуулж, татвараас зугтах явдлыг холбогдуулж ойлгох ёстой. Олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурь ч ийм. Гэтэл Сангийн яамны байр суурь болон бизнес эрхлэгчид оффшорт хөрөнгө байршуулж болох, өөрөөр хэлбэл татвараас зайлсхийж болох талаар хамгаалсан байр суурь илэрхийлж байгаа УИХ-ын зарим гишүүд, албан тушаалтантай санал нийлэх боломжгүй.

Оффшортой тэмцэх асуудалд зөвхөн улс төрчдийг бус, бизнес эрхлэгчид ч бас оффшорт мөнгө байршуулж, татвараас зугтах явдлыг хамааруулж нийтээрээ ойлгож, үүнтэй үр дүнтэйгээр тэмцэх цаг нь болсон бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг ч биднээс үүнийг шаардаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50945
0 эможи
keyboard_arrow_up