Ж.Батзандангийн мэдэгдлийг Б.Хурц хэрхэн няцаах бол?
-Тэр болгон томчуудын иймэрхүү асуудлууд олон нийтэд ил болдоггүй. Яагаад энэ удаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын олон жилийн өмнөх энэ баримт олонд ил болох болов оо-
Энэ он дуулиан шуугианаараа тодрон гарах бололтой. Ерөнхийлөгчийн сонгууль, намуудын хэрүүл, удирдлагын өөрчлөлт, тагнуулын дуулиан, Элчингийн томилгоо, Засгийн газрын уналт гээд анхаарал татаж, хэл ам хийх сэдэв маш олон. Эдгээр дотроос улстөрчдийн но-г бага, багаар илрүүлэн гаргаад байгаа Б.Хурц, Ж.Батзандан нарын хэрүүл анх эхэлсэн шигээ л хамгийн ихээр шуугиан тарьсан хэвээр байх аж. Хамгийн сүүлд л гэхэд! УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын I талаар маш ноцтой нэгэн мэдэгдэл хийж I олны анхааралд орууллаа.
Тэрбээр Б.Хурцын эгч, хүргэн хоёр нь хил дамнасан тамхины наймаанд оролцсон гэдгийг Польшийн цагдаа нар тогтоосон хэмээх баримтыг ил гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тус газраас ирсэн бичигт хил дамнасан тамхины наймаанд Б.Хурцын элч Батын Болор, хүргэн ах Хишигдолгорын Даваадорж нар оролцсон гэдгийг нь тогтоосон байна. Мөн тухайн үед БНУУ-д сууж байсан элчин сайд Т.Султанаас Тагнуулын Ерөнхий газрын дарга асан М.Батсайхан болон Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарт нэгэн анхаарал татсан албан бичгийг илгээж байжээ.
Тодруулбал, Б.Хурц нь 2003 оны нэгдүгээр сард Унгарын ЭСЯ-нд тусгай томилолтоор томилогдсоноосоо хойш тухайн улсдаа нэг ч өдөр албан үүргээ гүйцэтгээгүй. Европын орнуудаар хэсүүчлэн наймаа хийж байгаа талаар мөн дипломат ёс зүйд үл нийцэх асуудалд орооцолддог хүмүүсийг дипломат албан тушаалаар халхавчлан ажиллуулах нь зохимжгүй байгаа талаар дурджээ. Мөн Б.Хурцын түр оршин суух үнэмлэхийг буцаан хураалгахыг сануулсныг, Хилийн цагдаагийн газраас “Монголын зарим албаны хүмүүс европын орнуудыг дамжиж, хууль бус наймаанд оролцдог үйлдэл бидний анхаарлын төвд байна.
Энэ талаар ЭСЯ-тай хамтран ажиллаж, туслалцаа авах шаардлагатай байна" хэмээн мэдэгдсэнийг ч уламжилсан байна.
Элчин сайд Т.Султан Монгол руу энэхүү албан бичиг илгээсний дараа Б.Хурц A PERSONA NON GRATA буюу “тааламжгүй этгээд” гэх нэршлээр цагаан хуудсаар Европоос хөөгдөн гарсан байдаг аж.
МАНАЙ УЛСАД НУУЦ ЗҮЙЛ ГЭЖ БАЙНА УУ?
Мэдэгдэл нэг иймэрхүү. Тэгвэл Б.Хурц үүнийг хэрхэн няцаах бол. Албан бичиг. архивын материал гээд хангалттай их баримттай энэ мэдэгдлийг ТЕГ-ын дарга асан маань хэрхэн няцаах нь анхаарал татаж байна. Монголчуудын хувьд хориотой наймаа, тэр дундаа тамхи зөөж, худалдаалсан хэрэгт буруутгагдсан хард хоригдож, баригдсан тохиолдол цөөнгүй. Гэхдээ төрийн томоохон албан тушаалтны нэр холбогдсон ийм хэрэг байхгүй ч дипломатууд маань мэр сэр хутгалдсан нь бол бий. Ер нь тэр болгон томчуудын иймэрхүү асуудлууд олон нийтэд ил болдоггүй. Яагаад энэ удаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын олон жилийн өмнөх энэ баримт олонд ил болох болов оо.
Мэдээж энэ Б.Хурц, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сүрдүүлж түүнийг дарамталснаас үүдэлтэй. Тиймээс ч өдгөө Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулахаар УИХ-ын 20 гаруй гишүүн нэгдсэн боловч Ажлын хэсэг дээр “бүдрээд” буй.
Тодруулбал, Нийгмийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг УИХ батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн.
Улмаар нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Б.Хурцын томилгооны асуудал нь ийнхүү өндрөө авч буй энэ үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэний ч үзэж байгаагүй нэгэн баримт дэлгэсэн нь энэ юм.
Нөгөө талаар энэ хоёр эрхэм ингэж нэгнээ баалах нь хувь, хувьсгалын олон шалтгаантай байж болох ч эцэстээ энэ улсад нууц гэж зүйл үлдэх нь үү гэх хар төрснийг нуух юун. Хоёул төрд том алба хашдаг, онцгой статустай ч хэрүүл уруу нь ийн даамжирч, эцэстээ Монголын нэр хүндийг олон улсад шалдаа буулгаж байгаа нь харамсалтай.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"