Алдаа гаргадаггүй З.Энхболд та Ерөнхийлөгчийг алдуулаад байгаа нь ямар учиртай юм бэ

2017 оны 12 сарын 07

Arslan.mn

“Ерөнхийлөгч маань Улаанбаатарын утаа, түгжрэл хоёрт хориг тавьчихвал боллоо доо, одоо”

Цахим сүлжээнд тарсан онигооноос...

Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу гурав дахь удаагаа хориг тавилаа. Тиймээс үүнийг зөв, буруу гэж ярих нь илүүц юм. Гэхдээ бас ардчилсан Монгол Улсын иргэн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энэ өнцгөөс нь бодвол хэлэх үг байна аа.

Тухайлбал, 2018 оны төсвийн зарлагад тавьсан Ерөнхийлөгчийн албан бичигт “Боломж нэгэнт бүрдсэн тохиолдолд урсгал зардал болон нэн чухалд тооцогдохгүй, үр ашиг муутай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардлаа танах, зайлшгүй зардлыг бодитой, үнэн зөвөөр тооцож төлөвлөх зэргээр төсвийн зардлыг багасгах асуудалд онцгой ач холбогдол өгч төсвийн алдагдлыг 5.2 их наяд төгрөг хүртэл бууруулан алдагдалгүйгээр төсвөө батлах нь зүй ёсны шаардлага болно” гэжээ.

Төсвийн алдагдлыг 2.4 их наяд төгрөгөөр УИХ-ын чуулганаар батлаад арав гаруй хонож байна. Үүнийг нь өчигдөр болсон УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд оролцсон гишүүд гайхаж лавлахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хоригоо харлаа. Улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гэж хооронд нь сольсон хоёр алдаа байна. Тэр алдааг гишүүд та нар засаад уншаад явчхаарай гэж хүсэж байна” гэж хээвнэг хариулаад сууж байх юм.

Өнгөрсөн зун Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа аваад cap гаруй болж байхдаа “Сентера гоулд” компани улсад 36 саяын татвар л төлсөн” хэмээн мэдэгдэж байв. Тиймээс уг асуудлыг шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг хууль хяналтын байгууллагын удирдлагуудад сануулж байлаа. Бодит байдал нь тус компани зөвхөн 2011 онд л гэхэд 4.14 тэрбум, мөн өнгөрсөн хугацаанд дунджаар 36 тэрбум төгрөг гэх мэтээр улсад татвар төлж байсан мэдээлэл бий.

Яах вэ, энэ алдааг нь ажлаа аваад удаагүй байсан үетэй нь холбон хаацайлж болох юм. Гэвч өнөөдөр Ерөнхийлөгчийн хувьд ажилтайгаа танилцах хангалттай хугацаа өнгөрөөд байна. Зөвлөхүүдээ ч томилж ажилд нь оруулж дууссан. Ийм байтал албан бичиг нь дахиад алдаатай явааг юу гэж ойлгох вэ. Бүр ноцтой асуудал дагуулж болохуйц тоонууд дээр шүү дээ. Улстөрчийн тэр тусмаа төрийн тэргүүний үг, үйлдлийг олон нийт харж байдаг. “Засаад уншчих”-аж чадах ч хүн бий, мэдэхгүй ч хүн бий.

Энэ алдаа бол Ерөнхийлөгчийнх гэхээсээ Тамгын газрынх нь даргатай илүү холбоотой. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэдэг бол өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, бичиг цаасыг нягтлах ажлыг хариуцдаг. Тиймээс ч энэ албанд улс төрд тооцоотой, алдаа гаргадаггүйгээрээ зартай З.Энхболд ажиллах болоход алга ташсан хүн олон байх. Төрийн өмчийн хороог удирдаж өмч хувьчлалыг явуулсан, УИХ-ын дарга, АН-ын даргаар ажиллаж хатуу, хянуур гэдгээ харуулж чадсан болохоор арга ч үгүй. 

Өнгөрсөн түүхийг нь харахад хувь хүний ааш араншинтай холбоотой асуудал л байна уу гэхээс алдаа мадаг гаргаж байсан тухай мэдээ баримт юу ч байдаггүй нэгэн. Ийм туршлагатай Тамгын дарга яагаад удаа дараалан алдаатай баримт Ерөнхийлөгчийн гарт атгуулаад байна вэ. Ярилцлага өгсөн ч өөрөө давхар диктафон тавьж үг, өгүүлбэр өөрчилж үү гэдгийг хянадаг хүн шүү дээ.

Гэтэл энэ хэдхэн сарын дотор Ерөнхийлөгчийн үгэн дээр тэрбумыг саяар андуурч, хориг дээр гурван их наядаар зөрсөн тоог зүгээр л оруулаад ирж байна. Хэрэв өөрөө Ерөнхийлөгч байсан бол ийм алдаа гаргахгүй л байсан болов уу.

Мөн УИХ-ын чуулган болоод Байнгын хороодод Ерөнхийлөгчийг төлөөлж орохдоо хэлсэн үгс нь төрийн тэргүүнийг муухай харагдуулаад байх юм. Түүний гаргаж байгаа тоомжиргүй хэнэггүй төрх ч өмнө нь мэддэг байсан имижтэй огт тохирохгүй байгаа юм. Байнгын хорооны хурал дээр “Засгийн газар байгуулах асуудалтай холбогдуулан тун цөөхөн хоногт баталсан төсвөө эргэж хараач ээ, гэж байгаа юм” гэж хэлээд сууж байх. Уг нь бол ирэх оны төсвийг өмнөх Засгийн газрын Сангийн сайд Б.Чойжилсүрэн боловсруулж өргөн барьсныг шинэ Засгийн газар буцааж татаад засвар оруулаад баталж байгаа хэлбэр л дээ. Ийм хэнэггүй үг, үйлдэл гаргахааргүй хий нь арилсан төрийн түшээ гээд учир мэдэх бүхэн гайхаж явна.

Хэрэв УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал дахиад төсвийн асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Үүнийг дагаад аймгийн ИТХ-ууд төсвөө хүлээнэ. Гэтэл өнөөдөр ихэнх аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй болчихлоо. Ердөө хоёр өдрийн өмнөх сонинг эргүүлж үзэхэд Өвөрхангай, Дундговь аймагт ажилласан Засгийн газрын гишүүд ихэнх сумд нь цас, зудын хүндхэн байдалтай байгааг ярьжээ. Малчид “Хаана хүрэхээ мэдэхгүй явна. Цасны нимгэн газар л олно доо” гээд оторлож байна.

Тэгвэл өвлийн бэлтгэл, хаваржилтын ажлын төлөвлөлт гээд олон зүйлийг хүлээлтийн байдалд оруулах хориг дээр “Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан” гэх ерөнхий өгүүлбэрээс өөрөөр өлгөөд авчих зүйл алга.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Тиймээс эцэг, эхчүүд намар болохоор сургууль, цэцэрлэгийн гадна хонон өнжин дугаарлаж байна шүү дээ. Тийм учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ олон гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг ядах нь ээ хоёр ээлжтэй болгоё гэсэн зорилго тавьсан юм. Эцэг, эхчүүд намар бүр хонон өнжин дугаарладгийг болиулъя гээд л хөрөнгө оруулалт тавьсан байгаа.

Ер нь бид УИХ-ын сонгуулиа жижиг мажоритар системээр явуулсан. Сонгогдсон гишүүд тойрог дээрээ очоод ажиллах үеэр “Энэ сургуулийг ингээд засчихмаар байна. Энд ийм хөрөнгө оруулалтууд хийчихмээр байна” гэсэн хүсэлтүүд маш олон ирдэг. Тиймээс УИХ-ын гишүүд албан хүсэлтээ Засгийн газар дээрээ ирүүлдэг. Ингээд төсөв хэлэлцэх үеэр УИХ-аар оруулдаг. Ийм замаар л орж ирсэн хөрөнгө оруулалтууд юм. Үүнийг үгүйсгээд хэрэггүй байх.

Бид тойрог дээрээ очоод ажиллахад үнэхээр хэцүү нүд халтирам зүйл зөндөө л байгаа шүү дээ. Үүнийг бүгдээрээ мэдэж байгаа. Амьдралаас тасарчихсан юм шиг яриад хэрэггүй байх гэж бодож байна" гэсэн тайлбарт ойчоод өгөх Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан тухай албан бичгийг хэн боловсруулсан юм бэ.

Эхнээсээ салбарын мэргэжилтнүүдийн шүүмжлэл хүртээд эхэллээ. Тухайлбал, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Энэ нь өнөөгийн эдийн засаг нийцтэй бус хориг гэж харж байна. Монгол Улсын хувьд төсвийн шинэчлэлийн асуудлыг хийх шаардлага байгаа боловч төсвийн хувьд хориг тавих байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэхгүй байна.

Төсвийн хориг нь зөвхөн тухайн төсвийн зарлагын хүрээнд үйлчилж байгаа тул төсвийн шинэчлэлийн хүрээнд нөлөөлөх боломж багатай юм. Мөн гадаад орчинд хүлээлт үүсгэх, Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд тогтвортой байдалд таагүй нөлөө үзүүлж болзошгүй. Улс төрийн орчинд тогтворгүй байдал бий болж УИХ болон Засгийн газрын төвшинд ажил цалгардах байдал бий болно" гэсэн байна.

Бүх ард түмнээс сонгогддог ганцхан албан тушаал бол Ерөнхийлөгч. Товчхондоо улсын эцэг гэж тодорхойлж болох юм. Нэг нам УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан үед энэ албан тушаал төрийг тэнцвэртэй харагдуулж байгаа. Тиймээс төрийн алтан аргамжийг улсын эцэг зөв эвхэж явахад Тамгын дарга нь асар их нөлөөтэй. Үүний өмнө Ерөнхийлөгч хоёр удаа хориг тавьж байлаа. Эхлээд Сангийн сайдын томилгоонд хэсэгчлэн тавьсан хоригийг нь УИХ хүлээж аваагүй.

Залгаад 2017 оны төсвийн тодотголд хориг тавьсныг мөн л дэмжээгүй нь саяхны явдал. Гэтэл одоо 2018 оны төсөвт дахиад хориг тавьчихлаа. Ийм нэг зүйлтэй салахгүй зууралдаж заавал чадах гэдэг занг З.Энхболдынх гэж гадуур ярьж байна. Хэрэв тийм бол эдгээр үйлдэл бүхэл бүтэн улсын тэргүүний зангараг, байр суурийг шалд нь буулгаж байгааг дуулгая.

Мөн өмнөх хоригуудын үндэслэл ч бас л Ерөнхийлөгчийг алдуулахад чиглэсэн байсныг нуух юун. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн үед Ардчилсан холбоо эвслээс Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд долоон удаа буцааж байв. Ингэж гүйцэтгэх засаглалыг тэргүүнгүй явуулж төрийн нэр хүнд, хүчин чадал, хэвийн үйл ажиллагааг сулруулж байснаас сургамж авч 2001 онд Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр авч хаяж байсан.

Гэсэн ч шинэ Ерөнхийлөгч маань Засгийн газрын гишүүн буюу хувь хүнд хориг тавьсан анхны төрийн тэргүүн болсон. Хуулийн боломжтой, боломжгүй болоод Ерөнхийлөгч ийм эрхтэй, эрхгүй тухай маргалдсан ч УИХ-аар хэлэлцээд хүлээж авах боломжгүй хэмээх шийдвэр гарч байлаа. Ингэхдээ хориг тавьсан шалтгаан нь шүүхээр шийдвэрлэсэн баримт нотолгоогүй гэдэг үндэслэлээр дэмжигдээгүй юм.

2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь тавьсан хориг ч төрийн албан хаагчдын нэг удаагийн цалингийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хоёрыг онилсон байсан. Манай улс ОУВС-тай цалин нэмэгдүүлэхгүй байх гэрээ хийсэн тул нэг удаагийн нэмэгдлээр хоёр жил аргацаах Засгийн газрын шийдвэрийг хориглосон гэсэн үг. Үүнтэй нь холбогдоод төрийн албан хаагчдын цалин мөнгө сунжирч, төрийн сан хаагдаж тухайн үедээ чамгүй хүндрэл гарч байсныг хүмүүс мартаагүй байх. 

УИХ ч хоригийг дэмжээгүй. Ийм тав алхалгүй унах үндэслэлийг хэн Ерөнхийлөгчид өгөөд байгаа нь ч сонирхол татаж байна. Хамгийн их гайхаж байгаа зүйл бол алдаа гаргадаггүй З.Энхболд юунд Ерөнхийлөгчийг алдуулаад байгаа юм бол гэдэг асуулт. Үүнээс болоод Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын даргадаа хориг тавилаа гэдэг онигоо гарах ч юм билүү, хэн мэдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50786
3 эможи
keyboard_arrow_up