Д.Кёкшюзан Батбаяр өөрийн хүсэлтээр зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгчээ
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Д.Кёкшюзан Батбаярыг зөвлөхийн ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдаад байна. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл аж. Учир нь УИХ-ын гишүүн асан, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкшюзан Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгснийг нь холбогдох газрууд ёсоор болгосон байна.
Тэрбээр Харүмафүжи, Таканоива нарын дунд үүссэн асуудлаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд болсон хэвлэлийн хурлын үеэрээ Япон руу хувийн хөрөнгө оруулалтын шугамаар яваад ирсэн тухайгаа тайлбарлаж байсан юм.
Эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Кёкшюзан Батбаяр зөвлөхийн ажлаа өгөх болсон шалтгаан нь япон улсаас томоохон хөрөнгө оруулалтыг татаж монголдоо бизнесийн шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахаар болсонтой нь холбоотой агаад уг ажилдаа цаг заваа зарцуулах үүднээс ийнхүү ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Д.Кёкшюзан Батбаярын тухайд энэ оны есдүгээр сараас өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн орон тооны бус 16 зөвлөхийг ахлан ажиллаж байсан юм.