Аудитын дүгнэлтэд бүдэрсэн “АСЕМ“-ийн хариуцлагыг хэн хүлээх вэ

2017 оны 11 сарын 29

Arslan.mn

-Манай улсын нэр хүндтэй эдийн засагчид “АСЕМ”-ийн дээд түвшний уулзалт бидэнд хэдий хэмжээний өр үлдээх бол хэмээн мэдээлэл хийж байсан удаатай-

Саяхан л бид алдах эрхгүй болж хэмээн “АСЕМ" -ийн дээд хэмжээний уулзалтыг хийж байсан. Тухайн үед тус уулзалтын гол зорилго нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, манай гадаад бодлогын үзэл баримтлал, идэвхтэй үйл ажиллагааг дэмжиж, хамтын ажиллагаа нэмэгдэнэ.

Цаашлаад олон улсын хэмжээний хурал, чуулганыг эх орондоо зохион байгуулах туршлагатай болж, “АСЕМ” -ийн хүрээний төдийгүй олон улсын бусад томоохон арга хэмжээг зохион байгуулах бүрэн боломжтой хэмээн дуулиан тарьж байсан ч одоогоор үр өгөөжөө өгсөн эсэх нь мэдрэгдэхгүй байгаад хэргийн гол учир оршиж байна.

Энэхүү уулзалтыг хийхийн тулд манай улс 23.6 тэрбумыг баталж 20.8 тэрбумыг нь зарцуулсан байдаг юм. Тэгвэл дээрх 20.8 тэрбум төгрөгөөс 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тухай Үндэсний Аудитын газраас шалгалт хийж олон ноцтой зөрчлийг илрүүлсэн тухайгаа өчигдөр мэдээллээ. Өөрөөр хэлбэл тус газраас “АСЕМ"-ийн санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудит хийсэн гэсэн үг. Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар “АСЕМ"-тай холбоотой дараах зөрчлүүд илэрчээ.

Нэгдүгээрт нь: Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар болон Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт ''АСЕМ"-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэгслийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалдсан, 4,787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна.

Хоёрдугаарт нь: Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны долоодугаар сарын 19-ний өдөр "Нью Терравокс" ХХК-тай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6.955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай "Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ"-г байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна.

Гуравдугаарт нь: БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5,572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-өөс 4,787 ширхгийг 33 төрийн байгууллагад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ш тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.

Дөрөвдүгээрт нь: "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг ГХЯ-ны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг ГХЯ-ны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан байна.

Тавдугаарт нь: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр ГХЯ-д ирүүлсэн чиглэлийн дагуу "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан гэх зөрчлүүд илэрчээ.

 

ХАРИУЦЛАГЫГ ХЭНТЭЙ ЯРИХ ВЭ

Дээрх хөрөнгүүдийг улсын төсөв, Нийслэлийн төсөв, Гадаадын хандив, тусламж, Хөгжлийн банкны хөрөнгө болон бусад эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлж, зарцуулсан гэнэ. Энэхүү ноцтой зөрчлүүд илэрсэн учраас аудит хийх зайлшгүй шаардлага үүссэн тухай Үндэсний Аудитын газрын санхүүгийн газрын захирал, тэргүүлэх зэрэгтэй аудитор Ц.Наранчимэг онцлон хэлж байсан юм.

Ямартай ч энэхүү “ACEM’’-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан хүмүүс нь тухайн үед эрх барьж байсан АН-ынхан. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах тухай асуудлыг хөндөж  эхлэх үед манай улсын нэр хүндтэй эдийн засагчид “АСЕМ”-ийн дээд түвшний уулзалт бидэнд хэдий хэмжээний өр үлдээх бол” хэмээн мэдээлэл хийж байсан удаатай.

Яг тэдний хэлдгээр өнөөдөр Монгол Улсад "АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалт бидэнд ямар үр ашиг өгөв, бидний амьдрал сайжирсан уу гээд олон, олон асуултууд ар араасаа хөврөн гарч ирж байна. Харин ч үүнийг хийснээрээ улсын төсөвт ихээхэн хэмжээний өр үүсэж, өрийн дарамт бий болоод зогсохгүй ОУВС-аас мөнгө гуйн бадарчлах болсон нь бодит үнэн.

Тухайлбал, өнөөдөр манай улсын нийт өрийн хэмжээ 21.6 тэрбум ам.долларт хүрч Засгийн газар гаднаас зээлсэн өрөө 2017 оноос эхэлж төлөхөөр болчхоод байгаа энэ үед 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь эдгээр асуудалд хэний буруугаас болсон бэ гэсэн асуулт гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, Монгол орны эдийн засгийг өөд татах хэмжээний тэр их мөнгө хаачив.Хэний халаас руу оров гэдгийг хуулийнхан шалгахаар болчихлоо.

 

Тухайн үед “ACEM’’-ийн зардал яг хэд байгааг нууцалж байсан цаг хугацааны явцад мөнгөн дүн нь ил болж “АСЕМ”-тай холбоотой бүх байгууллагын удирдлагуудыг оролцуулж төсөв хөрөнгийг захиран зарцуулсан байдалд шалгалт хийхээр болчихлоо. Хамгийн гол нь энэ асуудалд хэн гэгч эрх мэдэл бүхий албан тушаалтан хариуцлага хүлээх бол гэдэг нь бүрхэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50390
0 эможи
keyboard_arrow_up