Дуулиануудыг “дарсан” Ц.Нямдорж сайдын цензургүй ишлэлүүд
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн Цензургүй ярилцлага нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
1. Б.Хурцын ярьсан зүйлс бүгд худлаа. Тэр дундаас яривал Ц.Нямдорж Хуульзүйн сайдаар ажиллаж байхдаа С.Зоригийн аминд халдсан хэргийн ажлын хэсгийг дөрвөн удаа өөрчилсөн гэдэг нь худлаа.
2. С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор 14 хүн цагдан хоригдож байсан гэж. Тэр нь надтай холбоотой. Тэгэхээр ийм учиртай юм. 1998 онд хэрэг гарснаас хойш Аюулгүй байдлын зөвлөл гэдэг юм дээр нь ажлын хэсэг байгуулах зөвлөмж зэрэг нь гардаг байсан шиг байгаа юм. Тэр нь нууц шүү дээ. Тэрэнд хуулийн сайд оролцдоггүй. Хуралд нь суудаггүй. Би чинь 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл сайд хийж байгаа хүн. Энэ хугацаанд намайг явснаас хойш сайд хийсэн таван хүн бий. Одбаяр, Мөнх-Оргил, Х.Тэмүүжин, Дорлигжав, С.Бямбацогт. Энэ таван сайдын хэн нь ч тагнуулын байгууллага дээр шалгагдаж байгаа хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Зөвхөн би биш, энэ таван хүн хэлнэ.
3. Тагнуулын ерөнхий газарт явагдаж байгаа тэр нууц, далд ажиллагаа хуулийн сайдад танилцуулагддаггүй. Тагнуулын дарга Ерөнхий сайдтай харьцвал харьцана. Юу ярьдаг вэ гэдгийг нь мэдэхгүй. Би Ерөнхий сайд хийж үзээгүй. Ерөнхийлөгчтэй харьцдаг, юу ярьдаг вэ гэдгийг нь мэдэхгүй.
4. Ажлын хэсгийг дөрвөн удаа өөрчилсөн гэдэг чинь худлаа. Тэр ажлын хэсэг өөрчлөх санал явж байсан бол тагнуулаас орсон. Тэгээд ч нууцын зэрэглэлтэй байсан. Намайг оролцуулаад зургаан хуулийн сайд үүнийг мэдэх ямар ч боломжгүй.
5. Д.Дорлигжав их ноцтой юм ярьсан. Тэр ярилцлагаас би юу ойлгосон гэхээр С.Зоригийн хэргийг гүйцэтгэгчийн илрүүлэх нэрийдлээр тагнуулын байгууллага лав л 14 хүнийг хууль бусаар цагдан хорьсон гэдгийг Б.Хурц хэлсэн. Дээр нь 15 дахь Амгаланбаатар, 16 дахь нь Чимэгээ, 17 дахь нь Содномдаржаа гэж. Тэгээд нийт энэ хэрэгт холбогдож, хоригдсон хүний тоо чинь 20 хүрлээ шүү дээ. Энэ шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг нь нууцаас гаргана гаргах хэрэгтэй. Саналаа би өчигдөр Засгийн газарт оруулчихсан. ТЕГ-ын саналыг үндэслээд шүү. Одоо ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулаад энэ хэргийг нууцаас гаргана даа.
6. Би Тагнуулын байгууллагад чинь 1998 оноос хойш орж үзээгүй. Тэр байшинд нь. Надтай хамаагүй байдаг болохоор тэр шүү дээ.
7. Түүнийг хилийн чинадаас албадан авч ирэх ажиллагааг цагдаагийнхан хийх боломжгүй. Тиймээс гадаад тагнуулын байгууллагын шугамаар түүнийг авч ирэх ажлын гүйцэтгэсэн гэж. Энэ чин цаанаа тагнуулын байгууллага авч ирсэн л гэсэн үг.
8. Наад тагнуулын байгууллага дээр хийдэг ажлыг дарга нь баталдаг юм. Тэр баталсан төлөвлөгөөний дагуу тэр гадаадад Б.Хурцын оролцоотой ажиллагаа чинь хийгдсэн. Би тэр юмыг чинь Санжаасүрэн ярьсан болохоор нь л сонссон юм шүү дээ. Сая ухарч дахиад нэг худал ярьж байна лээ, Б.Хурц. Берлинийн нисэх онгоцны буудал дээр нэг герман хүнийг би холоос хараад зогсож байсан гэж. Д.Энхбатыг чинь миний ойлгосноор Францаас хулгайлсан.
9. Би 1990 оны аравдугаар сард Хууль зүйн тэргүүн дэд сайд, Л.Санжаасүрэн дэд сайд бөгөөд хорих байгууллагуудыг удирдах даргаар томилогдсон. Тэгээд өөрөө баахан шинел гадагшаа гаргаж зарсан хэрэгт холбогдож, хорих байгууллагын үүдэнд суулт болсон. Улсын Ерөнхий прокурор Бахдал гэдэг хүн байсан. Тэр Л.Санжаасүрэнгийн хэргийг шалгаж, Засгийн газрын хуралдаанд шалгалтынхаа дүнг танилцуулсан. Д.Бямбасүрэн гуай Ерөнхй сайд байсан юм. Тэр үед би Л.Санжаасүрэнг өмөөрч, прокурорынхонтой жигтэйхэн хатуу яриа болсон. Тэгээд прокурорын дүнг үндэслэж Л.Санжаасүрэнг халчихсан юм л даа. Тэрийг мушгиад байгаа юм. Ер нь наад надтай холбоод байгаа зүйл чинь явж явж Л.Санжаасүрэнтэй холбоотой юм шүү дээ.
10. Хятадын тагнуул гэдэг бол гүтгэлэг. АН-д наад материалыг чинь аваачиж өгөөд М.Энхсайхан Гүндалайд өгсөн байдаг. Гүндалай задалчихсан хэрэг юм. М.Энхсайханы нэг хөөрхөн бултсан мэдүүлэг байдаг. Материал нь манайд хадгалагдаж байгаа. Хуулиар төрийн нууцыг итгэмжлэгдсэн хариуцагч хадгалах үүрэгтэй. Надад тийм эрх нь байхгүй гэж шүүх дээр хэлээд бултчихсан юм. Би тэр үед нэг захидал бичсэн юм, М.Энхсайханд. Тэр захиа одоо хүртэл надад байна. Яг ингэж байгаад Ж.Баатар шоронд ороод Гүндалай та хоёр мултраад үлдэнэ дээ гэж бичсэн.
11. С.Зоригийн хэргийн захиалагчийг нь хэн нууцлаад байгаа юм бэ. Нэг бол тагнуулынхан, эсвэл шийтгүүлсэн хүмүүс л байж таарна шүү дээ. Захиалагчийг нь олж тогтоож байж тэр ял авсан гурван нөхрийг чинь ийм хэрэг хийсэн гэж яллах ёстой биз дээ. Би ч бас харьцангуй өндөр мэдээлэлтэй хүн шүү дээ. Захиалагчаа зарлаач гэдгийг би эртнээс тавьж ирсэн. Хамгийн гол нь энэ хэрэгт холбогдсон нөхдийг барьж авахын өмнө эндээс хүн явуулж тэр Содномдаржаа гэдэг нөхөртэй зодоон үүсгүүлсэн. Зориуд, өдөж шүү. Чимэгээ гэдэг эмэгтэйн хашаанд хүний шарил аваачиж хаяад сэтгэлийн дарамтад оруулж байгаа эд нар ажиллагаа хийсэн. Ингэж болох уу.
12. Би Б.Хурцын ярианаас нэг юм ажигласан. Хуулийн талаар үнэхээр А байхгүй. Тагнуулын газрын дарга нотолгоотой л зүйл ярих ёстой л доо.
13. Тэгж ярих юм бол Б.Хурцыг шалгах зүйл их бий шүү. Яагаад “Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар хойшоо явсан юм. Хэний захиалгаар вэ
14. Монгол Улсын тагнуулын эрхэм дарга нэг Элчин сайдтай уулзаад хувийн зурвас авч байгаа юм шиг авчихаад тэрийгөө өөртөө бүртгэлгүй АТГ-т шидчихдэг чинь ямар учиртай юм бэ. Энэ талаар Л.Болд их ноцтой зүйл ярьсан байсан шүү.
15. Миний амьдардаг байрыг чинь “Эм Си Эс”-аас хахуульд авсан гэж Х.Баттулга сайд байхдаа намайг АТГ-т өгсөн. Төлбөрийг нь төлөөд авсан байр гэдгийг нь тогтоогоод тэд яаж ч чадаагүй. Одоо наадахаараа чи намайг ороогоод нэмэргүй.
16. Х.Баттулга Төмөр замынхаа хохирлынхоо асуудлыг эхлээд шийдчих. Тэгвэл дараа нь би уучлалт гуйх болно.