Б.Хурц худал хэлэв үү, эсвэл...
-АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг нэртэй хүн бараа бүтээгдэхүүн шахсан асуудал байхгүй -
Өнгөрсөн долоо хоногт “Цензургүй яриа" нэвтрүүлэгт ТЕГ-ын дарга Б.Хурц оролцож, чамгүй сенсааци нийгэмд тарьсан. Зарим улстөрч түүний хэлсэн үгээр улстөрийн тоглолт хийж, нөгөө хэсэг нь баримт болгон иш татах аж. Олны ойлгож буйгаар, Тагнуулын Ерөнхий газрын даргын албыг хашиж байсан түүнийг бөөн, бөөн баримтын дунд байсан, өөрөө хүртэл гүйцэтгэх ажиллагааг гардан хийж байсан тул яавч худал ярихааргүй хүн.
Тэр ч бүү хэл, Монголын улстөр, санхүүгийн бүлэглэлүүдийн хамаг булхайг мэддэг түүнийг БНСУ-руу Элчин сайдаар томилж байгаа нь дэвшүүлэн зайлуулах арга хэмээн хэсэгтээ л амны зугаа болгон ярьцгаасан. Гэсэн хэдий ч ТЕГ-ын дарга буюу онц хариуцлагатай, тусгай үүрэг гүйцэтгэж байсан тэрбээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улс даяар цацагдах нэвтрүүлэгт орж, нууцын тухай яриаг цензургүй цацсаныг маш олон хүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой шууд холбон тайлбарлаж байгаа.
Дээрх нэр бүхий хоёр хүн өнгөрсөн сард бие бие рүүгээ ширүүхэн дайрч, олны дунд таавар үүсгээд байсан чухал сэдвүүдээр цочирдом мэдэгдлүүдийг дор бүрнээ хийцгээсэн.
Өөрөөр хэлбэл, Б.Хурц эхлээд Ц.Нямдоржийн талаар “Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгасан байдаг. Ямар санаа зорилготойг би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг. С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан.
Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан. Энэ хэрэг дээр хамгийн сүүлд 2015 УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан баг ажиллаж байсан. Аюулгүйн зөвлөлийн мэргэжлийн улсуудыг тогтвортой ажиллуулах зөвлөмж байдаг. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болохоороо л энэ ажлын хэсгийг тараадаг. Дөрвөн удаа тараасан байдаг. Улстөрийн зорилготой. Ц.Нямдорж сайд болохоороо ТЕГ-аар оролддог.
Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Ц.Нямдорж гэдэг хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн маршруттай бүлэглэлд байдаг. Энэ бүлэглэл бол хүчтэй. Энэ бүлэглэл өөрсдөө Эрдэнэттэй холбоотой, маш их бизнес шахаа хийдэг. Мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, сайттай. Бидэнд байгаа мэдээллээр, Эрдэнэтийн захирлыг "Хаан жимс" дуудаж, энэ гэрээг үргэлжлүүл гэж шахсан байгаа юм. Гэрээ нь юу вэ гэхээр, III цахилгаан станцын гүйцэтгэх захирал С.Анхбаяраар дамжуулж, 42 сая долларын бараа материал шахсан.
Ц.Нямдоржийн хүү, хуурай дүү нь гэж хоёр Анхбаяр байдаг. Хуурай дүү Анхбаяр нь офшор бүсэд хөрөнгө нуусан асуудал яригдаж эхэлсэн. Харин түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” компани “Эрдэнэт” үйлдвэрт 2006 онд 255 мянган ам.долларын үнэтэй “Сиблитмаш” үйлдвэрийн хэвлэлийн машин шахсан баримт энэ байна. Орос хэлээр байгуулсан худалдан авалтын гэрээг Тагнуулын байгууллага өнөөдөр та бүхэнд задалж байна” гэж мэдэгдсэн. Энэ тухайгаа “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үедээ бүр ч нарийвчлан ярьсан.
Тэгвэл АТГ-аас өчигдөр cap бүрийн 25-нд хийдэг ээлжит хэвлэлийн хурлаар энэ асуудлын талаар товчхон бөгөөд тодорхой зүйлийг сэтгүүлчдэд ярьсан юм. Энэ талаар АТГ-ын комиссар Э.Идэрцог, ТЭЦ 4-ийн захирлаар ажиллаж буй Анхбаяртай холбоотой асуудлыг шалгасан. “Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг нэртэй хүн бараа бүтээгдэхүүн шахсан асуудал байхгүй. Энэ асуудлыг шалгаад бид хаах саналтайгаар Нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн” гэх мэдээллийг өглөө.
Тэгэхээр нэг нь хуулийн салбарыг удирдаж, нөгөөх нь хүчний том байгууллагуудыг даргалж байсан энэ хоёр хүний хэн нь үнэн яриад байгаа хэрэг вэ. Б.Хурц бол ба:имт тавим нотолгоогоор Ц.Нямдоржийн тухай асуудлыг хөндсөн. Гэхдээ Ц.Нямдорж энэ хугацаанд барьц алдаагүй, тэр ч бүү хэл АТГ-аас үүнд албан ёсны тайлбар гаргачихлаа.
Иймд Б.Хурц худал хэлэв үү, эсвэл хуулийнхан салбарынхаа сайдын талд оров уу гэх асуулт гарч ирнэ. Үүнд хэн хариулах бол. Ц.Нямдоржийн тухайд өөрийгөө муучлуулах тун дургүй нэгэн учраас ямар нэгэн эсрэг байр суурь гарч ирвэл тэр дор нь л няцаадаг. Тиймээс тун удахгүй тэрбээр энэ асуудлыг олонд нээлттэйгээр ил гаргаж, мэдээлэл өгнө гэж байгаа. Хэрвээ тэр цагт Ц.Нямдорж ноцтой баримт дэлгэвэл Б.Хурц мөн ямар хариу барих бол гэх хүлээлт нийгэмд бий болж байх шиг.