Ерөнхийлөгч асан Н.Багабанди гадны компанид ажиллах хууль эрх зүйн акт бий юу

2017 оны 11 сарын 27

Arslan.mn

-“Оюу Толгой” зарим талаар буюу явцуу хүрээнд цөөн хэдэн монгол хүнд ашгаа өгөөд эхэлчихсэн-

Монгол Улсыг уул уурхайн салбар л авч явж байгаа нь үнэн. Нийт экспорт, импортын 80 гаруй хувь, ДНБ-ий дийлэнхийг бид уул уурхайн түүхий эдээ борлуулж, үүнд хөрөнгө татах замаар бүрдүүлдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон улсад түүхий эдийн ханш унаж, манай дотоодын улстөрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор маш олон компани татан буугдаж, хаалгаа барьсан.

Тэгсэн ч одоо Монголын голлох ордуудад үйл ажиллагаа явуулж буй хэдэн компани улсын эдийн засгийг бүтээж байна. Гэвч гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай холбоотой таагүй мэдээлэл тасарсангүй. Ялангуяа гаднын компаниуд Монголын эрхтэн дархтнуудтай ил далдаар хамтран ажиллаж, тусгай зөвшөөрөл, татвараас зугтаах, улстөрчдөөр дамжуулж төрийн шийдвэрийг өөрсдийн талд гаргуулж буй нь ч худал биш. Ийм зүйл дурдах болоход зэс, алтны нөөцөөр дэлхийд тэргүүлэгч Оюу Толгойн ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюу Толгой" компанийн нэр хамгийн түрүүнд сонсогддог.

Бүр манай төрийн томчууд “Оюу Толгой”-д үйлчлэх байдлаар ажилладаг гэдгийг УИХ-ын гишүүд хүртэл хэлж ярьдаг. Тухайлбал, манай хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 2010 - 2013 онд “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард дахин томилогдсон юм.

Үүнийг өнгөц харвал, Монгол Улсыг төлөөлөн тулхтай, туршлагатай хүн “Оюу Толгой"-д ажиллаж байна гэж олон нийт харж байгаа ч энэ нь нэг талаараа өрөөсгөл аж. Тухайн үед Н.Багабандийг уг албан тушаалд томилогдсоны дараа маш их хэл ам, элдэв баримт факт гарч ирж байсан. Тодруулбал, 2010 онд түүнийг гаднаас цалин хөлс, хангамж авдаг тухай яриа гарч байв.

Ялангуяа Н.Багабандийг жилд 100 мянган ам.долларын цалинтай гэдэг цуурхал байдаг ч өнөөг хүртэл энэ талаар хэн ч тайлбар өгч байгаагүй. Нийтийн дундах нэр хүндээ ихэд хамгаалдаг “Оюу Толгой”-н зүгээс ч ганц үг ганхийгээгүй билээ. Харин улстөрчдөөс энэ тухай хэл амыг байнга гаргадаг ч тоймтой хариулт өгдөггүй байсан. Харин энэ талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар хөндөн ярьсан нь олны анхаарлыг татсан юм.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад “Оюу Толгой* компани 2.7 дахин их борлуулалт хийж байгаа хэр нь яагаад тус үйлдвэрээс бага татвар төлөөд байна вэ. Гадаад улсын иргэн Монгол Улсын газар нутаг дээр орлого олсон бол ашгийн 30 хувийг төлөх ёстой. Гэтэл энийг Татварын ерөнхий газрын гарын үсэгтэй бичгээр чөлөөлөөд байгаа. Энэ асуудлыг “Оюу Толгой''-н Удирдах зөвлөл ерөөсөө ярьдаггүй.

Тийм учраас би ТУЗ-ийг маш нарийн шалгууртай, төрийн байгууллагын тухайн салбарын хүнийг багтаах ёстой гэж боддог. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн гаднын компанид орж тэгж ажиллаж болохгүй. Би энэ тухай өөрт нь ч хэлсэн. Тэр хүн энэ албан тушаалаас татгалзах ёстой. Угтаа бол “Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүд хууль зөрчсөн асуудлыг таг дуугүй дараад байна гэсэн үг” гэж сэтгүүлчдэд хэлсэн. Тэгэхээр энэ асуудал үнэн бололтой. Их бага хэмжээгээр төрийн дээд байгууллагад ажилласан л бол үүний тухай багцаа бий гэдэг нь эргэлзээгүй,

Гэхдээ яг одоогийн байдлаар ТУЗ-ийн гишүүдийн цалин жилийн 100 мянган ам.доллараар хэмжигдэж байгаа ч бүр 2012 онд арай өөрөөр яригдаж байсан билээ. Тухайн үед хэвлэлээр “Монголын маш олон олигархуудын хамгийн анхдагч нь хэн бэ гэсэн асуултыг ч сэтгүүлчид асууж байсан удаатай. Тодруулбал, "Оюу Толгойн ТУЗ-д Монголын 34 хувийг төлөөлдөг Да.Ганболд, Б.Бямбасайхан Ч.Отгончулуун нар жилд 100 мянган долларын цалин авдаг гэнэ. Мөн тэд "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс-Оюутолгой" компанийн захирлын хувиар cap бүр төрөөс өндөр цалин авдаг.

Үүнээс харахад, “Оюу Толгой” зарим талаар буюу явцуу хүрээнд цөөн хэдэн монгол хүнд ашгаа өгөөд эхэлчихсэн. Эхлэхээр барах уу, бүр цаад үр дүнг нь гаргачихсан ажээ. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялгийн хүртээмж, өгөөжийг тодорхойлохдоо нийт ард түмний өмч гэж заасан байдаг. Хэрвээ хууль журмаараа хэрэгжвэл монголчууд энэ ашигтай том ордоос нийгмийн хангамж, халамж, хөгжлийн чиг шугамаар дамжуулан үр шимийг хүртэх ёстой баймаар.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн гаднын компанид ажиллах нь хууль зүйн үндэслэл бий юу гэдгийг учир мэдэх хүмүүсээс асуумаар байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
50234
3 эможи
keyboard_arrow_up