МАХН 93 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ
МАХН нэрээ сэргээсний гурван жил, тус нам үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой өчигдөр тохиосон.
Тус намын удирдлагууд баярын өдрөө гишүүд дэмжигчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Нээлтийн ёслолд Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга .Г.Шийлэгдамба, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, байнгын хорооны дарга Ц.Цолмон. Энэхүү ойн баярыг нээж МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва үг хэлсэн бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба гишүүд дэмжигчид хүрэлцэн ирсэн зочдод баярын мэнд хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэндчилгээ ирүүлснийг нарийн бичгийн дарга П.Цогтбаатар зочдод хүргэв. МАХН нэрээ сэргээсний гурав, тус нам үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойгоор шинээр болон гишүүнчлэлээ сэргээж байгаа 500 гаруй хүн намын батлахаа гардаж авлаа.
Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Манай намын үзэл санааг дэмжиж шинээр гишүүн болон элсэн орж байгаа хүмүүстээ талархаж байгаагаа хэлье. Мөн гишүүнчлэлээ сэргээж намдаа эргэн ирж байгаа хүмүүстээ хамтдаа шударга үнэний төлөө бат зогсоход таатай байгаагаа илэрхийлье. МАХН-ын хувьд зорьсон зорилгодоо хүрэхэд та бүхний хүч хөдөлмөр, дэмжлэг туйлын чухал юм шүү” гэлээ.