Хууль зүйн байнгын хорооны сонгох асуудал дахин хойшлогдлоо
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус хорооны даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм. Энэ хороог даргалж байсан Ш.Түвдэндорж ҮХАА-н сайд болсон юм. Тиймээс түүний оронд АН-ын зүгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэрийг дэвшүүлсэн. Энэ дагуу өнгөрсөн баасан гаригт хуралдсан Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг тус хорооны даргын албан тушаалд дэвшүүлснээр хуралдаан хойшилсон юм. Учир нь байнгын хорооны даргын албан тушаалд АН-ын хоёр гишүүн нэр дэвшсэн тохиолдолд эхлээд бүлгийн хуралдаанаараа хэлэлцэх ёстой аж. Энэ тайлбарыг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хийж, хуралдаанаас завсарлага аваад байсан.
Тус асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдэх ёстой байсан боловч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга "АН-ын бүлгийн өрсөлдөөн үүсч байгаа учраас бүлгийн бодлогоо нэгтгэх хэрэгтэй байна. МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэх үүднээс тав хоногийн завсарлага авч байна" гэснээр Хуульзүйн байнгын хорооны даргыг сонгох асуудал дахин хойшиллоо.









