УИХ-аар дугаартайгаа шилжих үйлчилгээг хэлэлцэнэ

2014 оны 6 сарын 24

Эдийн засгийн байнгын хороо “Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Манай улсын үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн тоо 2013 оны жилийн эцсийн байдлаар 4.2 саяд хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр байна.


Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм.


Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон (өөр оператор компанид шинээр бүртгүүлэн) шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болно.


1990-ээд оны дунд үеэс дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар 78 улс тус үйлчилгээг нэвтрүүлээд байна.


Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх зорилго нь хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэхэд оршдог байна.

Тухайлбал, үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөх бус үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ,түүний найдвартай байдал, контентийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн хүсэл, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлэх, шинээр гарч ирж буй техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх замаар шударга, үр ашигтай өрсөлдөх нөхцөл бүрддэг.


Олон улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нийт хэрэглэгчдийн 5 хувиас дээш хэсэг нь хэрэглэсэн тохиолдолд үр ашигтай гэж үздэг бол Монгол Улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор түүврийн аргаар хэрэглэгчдээс санал асуулга авч, судалгаа хийж үзэхэд нийт хэрэглэгчдийн 33.5 хувь, түүний дотроос давамгайлагч операторын хэрэглэгчдийн 44 хувь нь дугаартайгаа шилжих үйлчилгээг ашиглан оператороо солих шийдвэр гаргахад одоогоор бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.


Дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн улс орнууд нэвтрүүлэхдээ юуны өмнө эрхзүйн орчныг тодорхой болгох, тухайлбал харилцаа холбооны тухай хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулдаг практик түгээмэл байдаг аж.

Иймд холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, дугаар шилжүүлэх үйлчилгээний харилцааг зохицуулах журам батлах замаар эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага бий болж байна хэмээн сайд Ч.Сайханбилэг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4884
0 эможи
keyboard_arrow_up