2018 онд 1.1 их наяд төгрөгийн өр төлнө

2017 оны 10 сарын 31

Монгол Улс 2018 онд долоон их наяд 231.4 тэрбум төгрөгийн орлоготой, есөн их наяд 651.9 тэрбум төгрөгийн зарлагатай байх төслийг Засгийн газар боловсруулан, УИХ-д өргөн барилаа. Ингэснээр төсвийн нийт алдагдал хоёр их наяд 420.4 тэрбум төгрөг байх аж. Энэ нь манай дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцэж байгаа юм.

Төсвийн нийт алдагдал хоёр их наяд 420.4 тэрбум төгрөг байна

Төсвийн зарлагыг задалж харвал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зарим бодлогын арга хэмжээг санхүүжүүлэх зардлууд суужээ. Тухайлбал, боловсролын салбарт нийт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

Үүнээс 59 сургууль шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум төгрөг, 90 цэцэрлэгийн барилгыг шинээр барихад 62.4 тэрбум төгрөгийг төсөвлөсан байна. Ингэснээр нийслэлийн долоон дүүрэгт 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэх аж. Мөн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл болон БНХАУ- ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг дайчилж, 2019- 2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тэгш хүртээмжийг хангахаар Засгийн газар зорьсон байна.

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх юм байна. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжилт, тэгшилгээг хийж, хөрсжүүлэн нөхөн сэргээж, үнэргүйжүүлэхэд зориулан 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх аж. Энэ хүрээнд ирэх онд 10 тэрбум төгрөг зарцуулах юм.

ЭЭЖҮҮД ЦАЛИН АВНА

Холбогдох хуулийн дагуу 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр, түүнчлэн гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгохоор төсөлд тусгажээ. Тэтгэмжийн хэмжээг хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50 мянган төгрөг, өрх толгойлсон эх, эцэгт улиралд 240.0 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгав.

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМНЭ

Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг шинэ оны эхнээс нэмнэ. Энэ хүрээнд нийт 393.6 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх аж. Үүнд нийт 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.4 тэрбум төгрөг тус тус шаардлагатай.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УРАМШУУЛАЛТАЙ

Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, урамшуулах юм байна. Үр дүнгийн урамшуулал олгоход зориулан 56.2 тэрбум төгрөг төлөвлөв.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ОЛГОНО

ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хүрээнд 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар тохирсон. Энэ хүрээнд ирэх жилд нийт 684 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум төгрөг тусгажээ.

НЭГ ИХ НАЯД 150.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛНӨ

Ирэх жил Монгол Улсын Засгийн газар нэг их наяд 150.7 тэрбум төгрөгийн өр төлөхөөр төсөлд тусгажээ. Тэгэхдээ Засгийн газрын дотоод үнэт цаасны гаргалтыг бууруулна. 

Б.Сэлэнгэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48813
0 эможи
keyboard_arrow_up