Уул уурхайтай холбогдоод л унаад байдаг золигнууд даа

2017 оны 10 сарын 30

У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар дангаараа хуралджээ. Энэ хурал нь өнгөрсөн долоо хоногт болсон байна. Хурал дээрээ хэрэлджээ. Яасан гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ашигт малтмал, газрын тосны газрыг Сангийн яамны мэдэлд авна гэжээ. Өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд байж л дээ. Сүүлийн үед Ч.Хүрэлбаатарын үг Сангийн сайд болсноос нь хойш маш хүчтэй болсон. Ч.Хүрэлбаатар хэлсэн л бол бүтчих гээд байдаг болчихсон гэж байгаа. Тэр жишгээр түүний санал гаргаснаар Ашигт малтмал, газрын тосны газар ч Сангийн яаманд нь очиж магадгүй болсон байна.  Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ихээхэн бухимдсан байгаа ажээ. Тэрбээр санал гаргасан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, саналыг нь дэмжсэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хоёртой “Үзнэ шүү” л гэсэн байгаа юм. Тэдний хэрүүл Засгийн газрын хуралдаан дууссаны дараа ч Төрийн ордны коридорт үргэлжилжээ. Сүүлд нь Д.Сумъяабазар “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам биш Зураг зүй, геодезийн яам гэдэг нэртэй болгосон нь дээр юм байна “ гээд явсан байна.  Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болохдоо уул уурхайн бодлого бодож, олон юм хийнэ гэж очсон шиг байгаа юм. Гэтэл уул уурхайн хариуцах ёстой асуудал яамных нь мэдэлд биш ЗГХЭГ дээр төвлөрдөг байсныг мэдсэн байна. Дээрээс нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ганц байдаг уул уурхай хариуцсан агентлагийг нь авна гэчихсэн нь Төрийн ордонд олон таван үг ярихад хүргэсэн бололтой юм.  Ер нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам уул уурхайн бодлогоо авч явдаг уу үгүй юу гэдэг талаар ярих цаг болсон байж мэднэ. Хамгийн сүүлд, Д.Сумъяабазарын өмнө Ц.Дашдорж сайдаар ажиллаж байсан. Тэр хүн өнгөрсөн жил хэдэн удаа Хятадын “Шинхуа” групптэй Тавантолгойг хэрхэх талаар уулзалт хийсэн. Бас өөрийнхөө тамхины компанийг татвараас зайлуулсан гэдэг хэл амтай буусан. Өөр гай, гавьяа хоёрыг нь бүү мэд. Өмнөх сайд нар нь ч иймэрхүү. Гавьтай яриа хөөрөөгүй ажил албаа өгөөд явдаг юм.  Гэтэл Монгол Улс уул уурхайн орон гэгдээд байдаг. Дэлхийн анхаарлыг энэ салбар л татдаг. Энийгээ хариуцсан бүхэл бүтэн яамтай. Гэтэл яам нь асуудлаа бүрэн хариуцдаггүй. Одоо хар даа, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” өөр юу юу ч билээ, уул уурхайн асуудлаа ЗГХЭГ мэддэг болчихсон. Тэр нүүрсний гэрээ, энэ нүүрсийг хаанахын хэний компанид өгөх нь ЗГХЭГ-т ямар хамаатай юм бэ?  Ерөөсөө уул уурхайн асуудлыг ЗГХЭГ-аас холдуулж хариуцсан яаманд нь хамаатуулах хэрэгтэй юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлал,  Оюутолгойн гэрээ мэтийг Засгийн газрын түвшинд хийх нь мэдээж. Харин бодлого боловсруулж, өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих, шийдвэр гаргахад салбарын яамны оролцоо зайлшгүй хэрэг болно. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд л уул уурхайн мэргэжлийнхэн бөөгнөрчихөөд байгаа шүү дээ.  Дээрээс нь 100 гаруй хүнтэй ЗГХЭГ ажлын ачааллаа уул уурхай руу бус улс орны бусад асуудал руу тэгш хуваарилах учиртай юм. Эс тэгвээс тэнд ажиллаж байгаад уул уурхайтай холбогдсон элдэв асуудалд орооцолддог. Явсаар Засгийн газраа татаж унагадаг ийм л  жишээ хэд хэд болчихлоо. Шуудхан хэлэхэд, уул уурхайтай холбогдоод унаад байдаг золигнууд л даа. Одоо хүртэл хууль, хяналтын байгууллага дээр иймэрхүү асуудал байж л байгаа дуулдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Улс төр

35 минутын өмнө

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
48783
2 эможи
keyboard_arrow_up