Г.Баасан: Ч.Хүрэлбаатар түлшний үйлдвэр нэрийн дор бидний татвараас 14 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн
Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
ОНЗ-д одоогоор 46 гомдол, мэдээлэл ирсний 11-ийг АТГ-д хүргүүлсэн бол 2 гомдолд нь хэрэг бүртгэлт эхлүүлжээ. Хөвсгөл, Увс, Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь улс төржсөн томилгоотой холбоотой гомдлууд ирснийг шалгуулж байгаа аж. Мөн албан тушаалтны авлига, хууль зөрчсөн фактууд цуглаж байгааг нягтлан үзээд заримыг нь мэдээлж байна гэв.
ОНЗ-ийн дарга Г.Баасан энэ талаар “Бид АТГ-ын дарга Х.Энхжаргалын өрөөтэй аравдугаар сарын 23-нд танилцсан. Энэ өрөөтэй танилцсанаас хойш бидэнд ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр АТГ-ыг кодтой, цоожтой, хаалттай байгууллага болгосон байна гэж харж байна.
Манайд олон гомдол ирж байгаа. Бид гомдлуудыг бодит үнэнд нийцэж байна уу, авлигын асуудал мөн үү гэдгийг нягталсны үндсэн дээр баримт нотолгоотой, нийтийн эрх ашгийг зөрчсөн, цаана нь гарцаагүй авлигал байх магадлал өндөртэй гэсэн фактуудыг гаргаж тавьж байгаа юм.
Миний хувьд танилцуулах зүйл бол шинэ Засгийн газарт Ч.Хүрэлбаатар гэдэг хүн Сангийн сайд болсон. Нийтийн эрх ашгийг хамгаалах гэж байгаа хүн өөрөө нийтийн эрх ашгийг хохироогоогүй байх хэрэгтэй. Тэр дундаа авлигал газар авч байна гэж байгаа энэ үед төрд хууль бус үйлдэл хийдэггүй байх ёстой гэж харж байна. Гэтэл Ч.Хүрэлбаатар гэдэг хүн утааны асуудал дээр ямар ч ТЭЗҮ боловсруулаагүй, зураг төслийг нь батлаагүй, эрсдлийг нь тооцоогүй түлшний үйлдвэр нэрийн дор бидний татвараас 14 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байна. /2014 он, Түлш, эрчим хүчний сайд байх үед/
Үндэсний Аудитын газраас гаргасан дүгнэлтийг би та бүхэнд хэлж байна. Энэ тендер дотроос 3 тэрбум 40 сая төгрөг хувь хүний хадгаламжийн данс руу шилжсэн байна. Бидэнд ирж буй мэдээллээр энэ тендерийг авсан хүн бол Ч.Хүрэлбаатар сайдын ахынх нь ангийн хүүхэд юм байна. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоож, мөрдөж мөшгих ёстой” гэв.