АТГ-ын дарга Х.Энхжаргалыг Б.Билэгтээр солих уу

2017 оны 10 сарын 30

-Улстөрийн аясаар өөрчлөгдөж, эрх мэдэл төвлөрсөн хүчин рүү хазайдаг албан тушаал байж болох ч АТГ-ын даргын хувьд үүнээс хамааралгүйгээр албан үүргээ гүйцэтгэх ёстой. Тэгж байж гэмээнэ авлигатай тэмцэх ажлыг дарамт шахалтгүйгээр хийж чадах билээ-

 

Гэхдээ нийгэм, шударга ёс гэхээс урьтаад Х.Энхжаргалын хувьд Х.Баттулгын хүн биш учраас л ажлаа өгөх ёстой гэвэл арай дөнгүүр сонстож магадгүй. Уг нь АТГ хэмээх байгууллагыг анх бий болгохдоо улс төрөөс ангид, зөвхөн хуульд л захирагдах хүчин хэмээн тодорхойлж байсан ч өнөөдөр эрх мэдэлтнүүд үүнийг өөрсдөдөө тохируулан залж байгаа нь үнэн.

Улстөрийн аясаар өөрчлөгдөж, эрх Мэдэл төвлөрсөн хүчин рүү хазайдаг албан тушаал байж болох ч АТГ-ын даргын хувьд үүнээс хамааралгүйгээр албан үүргээ гүйцэтгэх ёстой. Тэгж байж гэмээнэ авлигатай тэмцэх ажлыг дарамт шахалтгүйгээр хийж чадах билээ. Харин энэ байдал эсрэгээрээ эргэснийг одоогийн цаг үе харуулж байна. Угтаа бол эрх мэдэлтнүүд улстөрчдийн зүрхэнд шар ус хуруулдаг албаны удирдлагыг гартаа авах гэж хэтэрхий улайрч байна уу гэж харагдаж байна.

Хуулиараа АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог. Харин тус газрын өнөөгийн дарга үүрэгт хугацаагаа тун ч ээдрээтэй шалтгаанаар эрт дуусгах нь тодорхой болов.Тэгээд ч энэ алба хүсээд байхаар зүйл биш гэдгийг өнгөрсөн хугацаан дахь томилгоо, түүнийг дагасан учир битүүлэг үйл явдлууд харуулсан.

Авлига, хээл хахууль, төрийн албаны ноцтой бүхэнтэй зууралддаг АТГ-т дээрээс үзүүлэх дарамт маш их гэдгийг ч нийт даяар мэдэх болсон. Яг үнэндээ төрийн албан тушаалтан, шийдвэр гаргах эрхтэй нөхдийг нэг бүрчлэн шалгаж, байцаавал асуудалгүй хүн үлдэхгүй байх. Тиймээс л аль ч төрийн үед томчуул булай булхайгаа далдлахын тулд хяналт шалгалтын албадад өөрсдийн хүнээ шахдаг уламжлал тогтсон.

Харин өнөөгийн засаг, төрийн томчуулд АТГ-ын удирдлагууд таалагдахгүй байгаа нь ийнхүү ил болж байна. Манай улс дайн байлдаангүй, дотоодын үймээн самуунгүй хэдий ч авлигатай тэмцэх нь амь насаараа дэнчин тавьж, алдах зүйлгүйгээр урагш зүтгэхийн нэр болчхоод байгаа нь үнэн.

Бүр АТГ-г анх байгуулагдахад даргаар нь томилогдсон Б.Дангаасүрэн 2007 онд маш ноцтой нууцлаг байдлаар амиа алдсан. Мэргэжлийн бус хүмүүс ч түүний амиа алдсан шалтгааныг жирийн осол биш гэдгийг ажигласан. Гэсэн ч өнөөг хүртэл хэргийн үнэн мөнийг олоогүй. Олон нийт түүнийг авлигын том сүлжээний үзүүрээс атгасан тул ийнхүү золиос болсон гэж үздэг.

Мөн тус газрын даргаар ажиллаж байсан Ч.Сангарагчаа ч тодорхой бус шалтгаанаар хуулийн хариуцлага үүрч, шоронд хоригдсон. Уг нь АТГ нь аливаа төрийн алба, албан тушаалтнаас ангид ажиллах хуулийн заалт байгаа. Харин Ч.Сангарагчаа томчуулын заавраар ажиллаагүй учраас төмөр торонд орсон. Үүний дараа хурандаа Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн ба шалтгааныг нь “Би амар тайван амьдармаар байна" гэж тайлбарласан.Ингээд харахад энэ нээрэн ч хүсээд байхаар ажил биш бөгөөд АТГ-ын дарга нарын занганд ордог жишиг хурандаа Х.Энхжаргалыг ч тойрохгүй нь бололтой.

Ерөнхийлөгчийн тухайд энэ санаагаа албаа авсан цагаасаа цухуйлгасаар наймдугаар сард бүр ил болгосон. Тодруулбал, наймдугаар 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг хүлээн авч уулзсан. Энэ уулзалт ч санамсаргүй зүйл болсон гэдгийг тухайн үед Төрийн ордноо өрнөсөн үймээнээс харж болохоор байв.

Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа офшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр ярилцсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Иргэдийн зүгээс чих тавин хүлээж буй эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна" гэж байсан ч уулзалтын үеийн ярианаас АТГ-ын даргыг буруутгах хандлага илт ажиглагдаж, улстөрчид “Х.Энхжаргал Ерөнхийлөгчийн тааллаас гажвал албан тушаалаасаа салах нь дээ” гэцгээж байв.

Энэ яриа ч биеллээ олж эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дарга З.Энхболд ШШГЕГ-ын дарга асан Б.Билэгтийг АТГ-ын даргад зүтгүүлж буй гэнэ. Хэрвээ уншигчид санаж буй бол З.Энхболд АН-ын дарга, УИХ-ын даргын албан тушаалыг хашиж байхдаа Б.Билэгтийг тус албанд зүтгүүлсэн ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Х.Энхжаргалыг томилж байсан юм. Тэгвэл энэ удаад Б.Билэгтэд боломж нь ирж буй бололтой. Б.Билэгтийн хувьд Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд хууль хяналтын бүхий л байгууллагуудын даргын албан тушаалыг хашиж байсан туршлагатай нэгэн бөгөөд энэ удаад ногоон гэрлээр АТГ-ын дарга болох бүх л тохироо нь нэгэнт бүрджээ. Учир нь түүнийг томилдог эрх мэдэл бүхий хүмүүс нь бүгд Б.Билэгтийг дэмжих учраас ийн хэлсэн хэрэг.

Юутай ч хууль хүчний байгууллагад хугацаатай томилогддог дарга нар эхнээсээ тодорхой бус шалтгаанаар солигдож эхлэх нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48742
2 эможи
keyboard_arrow_up