Ерөнхийлөгч сайд нарын томилгоонд хэсэгчилсэн хориг тавилаа

2017 оны 10 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 58 дугаар тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. 

Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөөг зөрчсөн агаарын бохирдлын асуудалд шинэ Засгийн газрын гишүүн бүр анхаарч ажиллах ёстой гэж миний бие үзэж байна.

Монгол Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 36 дугаар тогтоол гаргаж “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд тус хөтөлбөр нь хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зэргээр эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах үндсэн зорилготой байсан юм.

Харамсалтай нь тус хөтөлбөр батлагдсан өдрөөсөө хойш долоон жилийн хугацаанд бодитой ажил хэрэг болж хэрэгжсэнгүй. Агаарын бохирдлоос улбаалсан хүн амын өвчлөл, эрүүл мэндийн асуудал өнөөдөр ч бидний санааг зовоосоор, шийдлээ хүлээсээр байна.

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг санаачлан зохион байгуулсан бөгөөд тус чуулганаас  "УИХ-аас долоон жилийн өмнө баталсан боловч хэрэгжүүлээгүй ажлыг хийх шаардлагатай байна" гэсэн зөвлөмжийг гаргаж байна.

Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна.

Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна.

Шинээр бүрэлдсэн Засгийн газар Монгол Улсын орших, хөгжихийн үндэс болдог эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч эмч, багш нарынхаа цалинг нэмэх, улмаар нийт төрийн албан хаагчдын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.

Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм.

Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төрийн иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна.

Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих болно.

Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолын зохих хэсэгт тавьсан энэхүү хоригийг хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48663
0 эможи
keyboard_arrow_up