Хууль Зүйн салбар хэний гарт орчихов
-Энэ хоёр хүний холбоо харилцаа ч санамсаргүй зүйл биш бөгөөд С.Баатаржавын эхнэр Ц.Нямдоржийн ойрын хамаатан. Иймээс л хаа байсан Завханы хүнийг Увсын фракцынхан урагш зүтгүүлсээр ирсэн байх нь-
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх энэ албыг авах сунгаанд орохдоо Засгийн газар, яам, агентлаг, төрийн албадын бүтэц бүрэлдэхүүнд ямар ч өөрчлөлт оруулахгүй гэж байсан. Үүнийхээ хүчинд ч Ерөнхий сайд болж чадсан.
Гэхдээ бодит байдал дээр амлалт нь арай өөрөөр эргэж, 100 хувь давхар дээлтэй Засгийн газар байгуулсан. Удаа ч үгүй мөнөөх засагт нь багтсан сайд нар харьяа газруудаа оролдож, халаа сэлгээ хийж эхлэв. Ингээд цаашилбал, газрын удирдлагууд нь жирийн ажилтан, албан хаагчдыг халж, сольж эхэлсэн байх юм.
Энэ засаг байгуулагдаж, сайд нараа томилсноос хойш хамгийн ихээр анхаарлын төвд байгаа хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Тэрбээр ажлаа авсан даруйдаа цагдаа, хүчний байгууллагуудын удирдлагуудыг дуудан уулзаж, баалж донгодсон. Улмаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд танилцуулж, захиалагчийг нь илчлэх үүрэг өгсөн билээ. Түүний энэ үйлдлийг иргэд сайшаасан. Гэхдээ зарим нь Ц.Нямдорж энэ хэргийг илрүүлж чадах хүн биш гэж байв. Хэрвээ мөн байсан бол өнгөрсөн жилүүдэд чухам юуг хүлээгээд илчилж чадахгүй суусан юм гэж асуух нэгэн ч байсан.
С.НЯМДОРЖ ГАДНЫ ТУСГАЙ АЛБАТАЙ ХОЛБООТОЙ ЮУ
Гэвч энэ асуултын хариуг Ц.Нямдорж биш, Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц өчигдөр хийсэн мэдэгдлээрээ ил болгов. Тэрбээр энэ талаар “Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Цэндийн Нямдорж гэж хүн гадны тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Энэ асуудлаар генерал Баатар гэж хүн гомдол гаргасан. Энэ хэргийг бид буцаж шалгасан. Бид нууцлалын зэргээс гаргаж болохоор болсон гэж үзэж байгаа. Гадны тагнуултай холбоотой хэрэг өөрөө их хэцүү. Бид энэ асуудлаар баримтат кино хийж гадны тусгай албадаас болгоомжлох, сэрэмжлүүлэх хэрэгтэй юм байна гэж ойлгосон.
Яг үнэндээ өмнө нь яригдаж байсан 42 хуудас баримт алдагдсан нь үнэн. Тиймээс энэ хэргийг бид шалгаж байгаа. Мөн тэрбээр Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг. Баримтууд бий. С.Зоригийг хэн захиалж хөнөөлгөснийг тогтоох хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй, үргэлжилж байгаа.
Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэргийн мөрдөн байцаалт эцэслэгдээгүй байхад ажлын хэсгийг тараахаар зүтгэж байна. С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэхээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараалаа. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан. Энэ жишгээрээ тэр бас л энэ удаа сайд болонгуутаа С.Зоригийн хэргийг сөхөж байна.
С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэргийг шалгаж дуусаагүй байхад хэргийн материалыг ил гаргаад тавьчихвал юу болох билээ. Баримтыг одоо гаргаж тавих боломж бидэнд байхгүй. Тодорхой хугацааны дараа бүгд нээлттэй болно. Өнөөдөр С.Зоригийн хэргийн захиалагчийн асуудлыг олон хүн хүссэн үедээ сөхөж ярьдаг. Үүний нэг улс төр болон бусад зорилгоор шүүрч авдаг хүн нь Ц.Нямдорж.
Тэр хүн сайд болохоороо юу хийдэг вэ гэвэл хэн нэгнээр хууль санаачлуулж, өргөн бариад, Тагнуулын ерөнхий газрын эрх мэдэл, бүх зүйл рүү халддаг. Сайд байхад нь “Эрдэнэт”-ийн асуудлаар Д.Дорлигжав 800 гаруй мянган ам.долларын асуудалд орж, тэр хэрэг тэгсхийгээд замхарсан. Мөн Ц.Нямдоржийн хүү Ц.Анхбаяр, хуурай дүү Анхбаяр гэж хоёр хүн бий. Энэ хоёр Анхбаярыг мөнгө угаасан байж болзошгүй буюу бусад олон асуудлаар хуулийн байгууллагатай хамтарч шалгахаар болсон. Түүнчлэн түүний хуурай дүү Анхбаяртай холбоотой офшорын асуудал яригдаж байна” гэсэн юм.
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН “ХОРХОЙТОЙ ШҮД”
Тэгвэл ТЕГ-ын дарга Б.Хурцыг мэдээлэл хийсний дараа Хууль зүйн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж, хариу мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр "ТЕГ-ын дарга Б.Хурц миний талаар ярьжээ. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж байгаа юм болов уу. Би намын эрх ашигт үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэх байр сууриа УИХ-д илэрхийлсэн байгаа. Ер нь энэ намд үйлчлээд байгаа бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц.
Тэрбээр өөрийгөө солигдоно гэдгийгээ мэдээд хэвлэлийн хурал хийж байгаа юм болов уу. Би өнөөдөр /өчигдөр/ ЦЕГ-ын даргыг солих асуудлаар санал оруулна. Энэ асуудлыг өнөөдөртөө /өчигдөртөө/ багтаагаад ганцхан цагийн дотор шийдвэрлэнэ. Цаашдаа олон ийм асуудлыг шийднэ. Иймдээ тулбал надад хэлж яриагүй асуудал байна. Нарийн яривал “Эрдэнэт”-ийн 49 хувиар тоглох асуудалд Б.Хурц оролцсон юм шүү. Нөгөө Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү.
Миний хүү Ц.Анхбаярын тухай нэг мэдээлэл гараад учир нь олдоод олон нийт ойлгосон. Б.Хурц намайг хуурай дүү Анхбаяраараа дамжуулж 42 сая ам.долларын шахаа хийсэн гэж байна. Тэр бизнесийг би мэдэхгүй. Надад хамаагүй. Товчхондоо бол "Эрдэнэт"-ийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж тэд ийм мэдээлэл хийж байгаа юм байна л даа. Энэ яригдаад байгаа Анхбаяр чинь миний багшийн хүүхэд. Түүнтэй холбохын тулд намайг бүтэн нэг жил гаруйн хугацаанд тагнаж байсан.
Мөн миний бие С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг нэг ч удаа өөрчлөөгүй гэдгийг баттай хэлэх байна. Тиймээс Б.Хурцын хийж байгаа энэ мэдээлэл цэвэр улс төрийн зорилготой. Монголын хууль хяналтын байгууллага намд үйлчилдэг болсон. Тэд үүнийг нь нураана гэхээс айж байгаа. Үүнийг би нураана. Б.Хурцын ард нам дамжсан бүлэглэл бүрэн бүрэлдэхүүнээрээ бий. Намайг гадаадын тагнуул биш гэдгийг хуулийнхан тогтоочихсон байгаа. Энэ бүх шийдвэр одоо ч надад байна" гэсэн юм.
Яг үнэндээ ийм тодорхой, нарийн мэдэгдэл ойрын он жилүүдэд гараагүй гэдгийг бүгд мэднэ. ТЕГ-ын дарга Б.Хурц хэрвээ үнэн хэлж байгаа бол Монгол Улсын хууль зүйн салбар яг хэний гарт орчихсон хэрэг вэ.
ЦЕГ-ЫН ДАРГЫГ ЯАРАН СОЛИХ ЯМАР ШАЛТГААН БАЙВ
Тэгвэл үүнтэй холбоотой бас нэгэн шийдвэрийг Ц.Нямдорж гаргасан нь ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөрийг тодорхойгүй шалтгаанаар албан үүргээс нь чөлөөлж оронд нь С.Баатаржавыг томилсон юм. Эндээс харахад С.Зоригийн гэгддэг тэрхүү аймшигт хэргийн үнэн мөнийг гүйцэд илрүүлж амжаагүй байхад мөрдөн байцааж, шалгах ажлын хэсгийг тараах зорилготой гэдэг үнэн ч байж мэдэх нь.
Засгийн газар солигдоход төрийн албаны бүтэц өөрчлөгддөг сонин жишиг манай нийгэмд байдаг ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлаа аваад долоо ч хоноогүй байж ЦЕГ-ын даргыг маш яаравчлан чөлөөлсөн нь анхаарал татаж байгаа. Тэгээд ч С.Баатаржавын тухайд анхнаасаа л Ц.Нямдоржийн хүн гэдгээрээ олонд танигдсан. Бүр 2014 онд түүнийг МАН дотор Увсын фракцынхны шидсэн чулуу гэж хардаж байлаа. Нарийн яривал, тэрбээр Ц.Нямдоржийн сайтар бэлтгэгдсэн хүн гэдэг.
Энэ нь ч оргүй хоосон цуурхал биш гэдэг нь олон зүйлээр илэрдэг. Энэ хоёр хүний холбоо харилцаа ч санамсаргүй зүйл биш бөгөөд С.Баатаржавын эхнэр Ц.Нямдоржийн ойрын хамаатан. Иймээс л хаа байсан Завханы хүнийг Увсын фракцынхан урагш зүтгүүлсээр ирсэн байх нь. Тиймээс л энэ Засгийн газрыг байгуулагдах сургаар хамгийн эхний тохироог Ц.Нямдорж хийж, засаг байгуулагдахтай зэрэгцэн гаргасан анхны шийдвэрээрээ ЦЕГ-ын даргыг сольжээ.
Түүний хувьд 2013 онд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийг удирдаж байсан.Сураг сонсох нь, мань хүн тэнд ажиллаж байхдаа л өнөөгийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн уурыг хүргэх ажил хийсний улмаас ийн ажлаа өгөх болсон шалтгаан нь байв уу гэж улс төрийн хүрээнийхэн харж байна.
Тэгэхээр Ц.Нямдорж сайдын ажлаа авмагц ийнхүү шийдвэр гаргасан нь эртнээс сэдсэн хэрэг бололтой. Үүнийг нь ТЕГ-ын дарга Б.Хурц ил болгож орхилоо. Иймд ноёнтой тэрсэлдсэн хүн толгойгүйн үлгэрээр Б.Хурц ажлаа өгөх нь тодорхой болчихлоо. Угтаа бол Хууль зүйн сайдын энэхүү шийдвэр олон хүнийг цочроож нийгэмд шуурга дэгдээх вий хэмээх айдсыг дагуулж эхэллээ.
Яг үнэндээ манай улс шиг сонгууль болон Засгийн газар нь солигдох мөчид төрийн албаараа тоглодог улс орон хаа ч байхгүй. Тиймээс эрх баригчид төрийн албыг энэ мэтээр тогтворгүй байлгаж буй хэр нь улсын тогтвортой хөгжлийн талаар яриад байдаг нь хачирхалтай.