“Мэдээлэл холбооны сүлжээ“ ТӨХК ажилчиддаа урамшуулал олгосныг АТГ зөрчил гэж үзжээ
2017 оны аравдугаар сард авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа, авсан арга хэмжээний талаар АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Өнгөрсөн сарын хугацаанд өргөдөл гомдол хүлээн авах 1800-1969 утсаар 69 дуудлага хүлээн авч үүнээс 48 гомдол дээр ажилласан. Иргэдээс ирсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл ИТХ, засаг даргын үйл ажиллагаатай холбоотой 9 өргөдөл гомдол, МХЕГ, газрын алба, гааль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 13 гомдол мэдээлэл ирсэн байна.
Төрийн албан хаагчдад, төрийн өмчит үйлдвэрийн газруудад шагнал урамшууллыг хавтгайруулан олгодог тохиолдлууд их байгаа юм.
Тухайлбал "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК 2015 онд 2.2 тэрбум, 2016 онд 2.7 тэрбум, 2017 оны нэгдүгээр улиралд 381 сая төгрөгийн урамшууллыг ажилчиддаа олгосон. Тухайн газар сар бүр албан хаагчдадаа урамшуулал олгодог тогтолцоо бий болсон байна. Энэ нь зарим төрийн байгууллагуудын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний урамшууллыг олгож байгаа юм.
"Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК-ийн хувьд хувийн компаниудтай шилэн кабелийн үйлчилгээгээр өрсөлдөж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл төрийн өмчийн оролцоотой гэдэг байдлаар төр өөрийн оролцоогоо монополь хэлбэрээр тогтоосон хэрнээ эргээд энэ сүлжээгээ төрийн байгууллагуудад өндөр үнээр түрээсэлдэг. Тус компани орлогоо ийм байдлаар бүрдүүлдэг.
Энэ мэтийн тодорхой зөрчлүүдийг илрүүлж зарим шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.