УИХ “НАЙТААВАЛ” ЗАСАГ “ХАНИАНА”

2017 оны 10 сарын 24

Arslan.mn

-У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимын тэргүүнээ бусад гишүүдээс УИХ дотроос сонголоо. Чухам яагаад олон нийтэд олиггүй ойлголт болтлоо хэвшсэн “давхар дээлтнүүд”-ээр шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлснийг тайлбарлаж болох хэд хэдэн нөхцөл, шалтгаан энд харагдаж буй-.

У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимын тэргүүнээс бусад гишүүдээ УИХ дотроос сонголоо. Чухам яагаад олон нийтэд олиггүй ойлголт болтлоо хэвшсэн “давхар дээлтнүүд”-ээр шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлснийг тайлбарлаж болох хэд хэдэн нөхцөл, шалтгаан энд харагдаж буй.

Ерөнхий сайдын айдас…

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдвэрлэх ёстой гэж үздэг нэг зүйл нь Засгийн газрын бие даасан эрхзүйн баталгааг бий болгох явдал гэж ярилцсаар ирсэн. Үүнийг олон талаас нь олон янз томьёоллоор тайлбарладаг ч нэгтгээд нэг өгүүлбэрээр базъя гэвэл ердөө л “Засгийн газрын бат бэх үндэс Үндсэн хуульд суух ёстой” гэх ерөнхий утга гарч ирнэ.

Монгол Улс парламентын засаглалтай гэдэг хэдий ч Засгийн газрын хувь заяа Ерөнхийлөгч, УИХ хоёроос хамааралтай явж ирсэн, тэр тусмаа энэ хоёр гол субъект улстөрийн хоёр өөр намыг төлөөлж байгаа тохиолдолд тун ярвигтай гэдгийг 1996-2000 оны хооронд байгуулагдсан олон Засгууд харуулсан.

Үүнээс хойш 1999-2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт дунд олон засгаа огцруулсан ардчиллынхны сургамж дээр үндэслэсэн нэгэн өөрчлөлт багтсан юм. Үүгээр Ерөнхийлөгч Засгийн газрыг байгуулахад ямар ч эрхгүй болсон. Ерөнхий сайдад олонхийн бүлэг хүнээ санал болгоход Ерөнхийлөгч долоон удаа буцааж байсан шиг “эмгэнэл” дээрх өөрчлөлтөөр дахин давтагдахааргүй болсон хэдий ч зарим судлаач “Засгийн газар өөрийн нэг боломжит тулгуураа алдаж, улам эмзэг болсон” хэмээн үздэг. Ерөнхийлөгчийн оролцоог хэдийгээр хязгаарласан ч Засгийн газар нэгэнт өөрийн бие даасан эрхзүйн үндэсгүй учир парламентын засаглалын үед ч аль ч нам, эвслийн Засгийн газар дархлаагүй хэвээр байх болно гэж судлаач, профессор Д.Мөнх-Эрдэнэ бичиж байв. Түүнийхээр бол нэгэнт дархлаа үгүй биетийн хувьд УИХ “найтаахад” Засгийн газар “ханиад” тусах аюултай юм.

Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа ч бас парламентын улс төрийн уур амьсгалаас хамаарна гэсэн үг юм. Яагаад гэвэл УИХ түүнийг Ерөнхий сайдад томилсон учраас дургүйцлийг нь хүргэхээс зайлсхийж байх ёстой аж. Энэ утгаар авч үзвэл УИХ дахь уур амьсгалыг цочроохгүй, ямартай ч найтаалгаад байхааргүй “чийглэг, 20 градус”-ын дулаанд барихад У.Хүрэлсүхийн “давхар дээлтэй” 15 сайд гол барометр нь болох учиртай. Ийм тооцоогоор тэр шийдвэр гаргасан. Давхар дээлийг жигшин зэвүүцэх популизмын үзэл сурталд үнэмшиж давхиад байх туршлагатай, гэнэн улстөрч  лав биш.

Тэр тогтвортой ажиллах, аль болох урт хугацаанд оршин тогтнохыг хүсч байгаа. Тийм учраас УИХ-ын ердийн олонхи болох 39 саналын лав л 15-ыг өөрийн талд авчихлаа гэсэн үг. Нөгөө нэг шүүмжлэл болох өөрийнх нь эсрэг зогссон намынхаа 32-той зохицсон явдал.

Гудамжнаас түүнийг балиашиглагчдад бол энэ нь бууж өгсөн бурангуй явдал гэж харагдаж байгаа ч тэр Засгийн газраа бат бэх үндэстэй болгохын тулд парламент дахь зохицлыг эрхэмлэхээс өөр гарцгүй. Ямар ч сайхан царс мод бэт бэх үндэсгүй бол цааш өсч дэлгэрэх аргагүй учраас эрэмбэ дарааллаа эхлээд зөв тогтоохыг хүссэн хэрэг. Түүнд улс төрийн орчныг өдөх, хамрыг нь хатгах эр зориг өнөөхөндөө дутахын учир энэ. Тэнд найтахад энд ханиад шуухина, хатгалга тусч мэдэх билээ.

Парламентын гадна хэн үлдсэн бэ?

Давхар дээлээс татгалзлаа гэхэд Засгийн газрыг бүрдүүлэх хэмжээний лидерүүд парламентын гадна талд үлдсэн үү гэх асуулт энд тавигдана. Шилдэг боловсон хүчнүүдийг шигшиж хураасан хэмээн шагшигдаж ирсэн нь МАН. Парламентын гаднаас Засгийн газраа бүрдүүлэхээс аргагүйд хүрлээ гэхэд төдий тооны “мэргэжилтэн” олдох л байх. Гэвч өнөөдрийн хууль эрх зүйн орчинд бол УИХ-д олонх болсон нам Засгийн газраа байгуулах эрхтэй. Тэгэхээр ёстой нөгөө “алаагүй баавгайн арьсыг хуваана” гэгчээр УИХ-д ялах эсэх баталгаагүй байхад Засгийн газраа нөөцөлж үлдэнэ гэдэг үлгэр биз. Засгийн газрын бүтцэд ажиллах шилээврүүдээ нөөцөлж үлдлээ гэхэд УИХ-ын сонгуульд санал авах боломжит суудлаа цөөрүүлэх эрсдэлтэй, бүр олонх болох боломжоо ч алдаж мэдэх аюултай.

Иймд хамаг нөөцөө дайчилж, УИХ-д хамаг өнгөтэй өөдтэйгээ оруулсан гэсэн шиг МАН-ын шинэ Засгийн газар дан парламент дотроос бүрдлээ. Үнэндээ бол УИХ-ын гишүүд гэдэг энэ улсын хамаг шилдгүүд биш, мөн МАН-ын хамаг шилдгүүд ч биш. Сайд хийчихээр МАН-ын хуучин кадрууд парламентын гадна байж таараа. Үгүй гэхэд шинэ боолвсон хүчин элсүүлээд, сургаад авч болно. Гэхдээ ийм эрсдэлтэй зүйл хийхэд эр зориг хэрэгтэй. Бүрэн эрхийнх нь хугацаа бараг талдаа орж байхад байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт хугацаа бага үлдсэн. Үд хэвийж байхад морио сольсон МАН-д үүнээс илүү эрсдэл рүү явах эр зориг дутна. Эрсдлээ тооцоолж чадсан хүн л эр зоригтой байж чаддаг гэх үг бий.

Эх сурвалж: Өглөөний сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48475
0 эможи
keyboard_arrow_up