Олны дэмжлэгийг аваагүй НИТХ-ын дарга хурлаа дахин хийж чадсангүй

2017 оны 10 сарын 19

Arslan.mn

-С.Амарсайхан НИТХ-ын төлөөлөгчдийг хуралдуулж чадахгүйд хүрэв үү-

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирц бүрэлдээгүй гэх шалтгаанаар бас дахин хойшиллоо. Уг нь энэ хурлаар өвөлжилтийн бэлтгэл, ирэх оны төсөв, халаалт, дулаан гээд цаг үеийн чухал асуудлууд хэлэлцэхээр товлосон байсан ч ийнхүү хойшиллоо. С.Амарсайхан томилогдсноосоо хойш тэргүүлэгчид, төлөөлөгчидтэйгээ нэг ч удаа уулзалт хийгээгүй аж. 

Хурал хойшилсон шалтгааныг ирц хүрээгүйн улмаас гэж тайлбарлахад хаа нэг болж л байдаг тохиолдол шиг сонсогдох байх. Гэхдээ НИТХ-ын шинэ дарга С.Амарсайханыг ажлаа авснаас хойш хоёр ч удаа ийм зүйл тохиолдсон гэхээр хачирхалтай санагдаж байна.

Үүнээс өмнө аравдугаар сарын 12-нд С.Амарсайхан анхныхаа хурлыг удирдах байсан ч хангалттай ирц бүрэлдээгүйн улмаас хурлыг цуцалсан. Тухайн үед түүнийг НИТХ-ыг удирдаж чадахгүй хүн гэдгээ харууллаа гэх мэт яриа гарч байсан ч төлөөлөгч нар хуралдаа ирээгүй шалтгааныг хотын дарга Су.Батболдын Москва дахь айлчлалтай холбон тайлбарлаад өнгөрсөн.

Гэвч өнөөдрийн тухайд дээрх хардлага батлагдаж байх шиг. Уг нь С.Амарсайхан НИТХ-ын дарга болсон нь хуулийн хүрээнд өрнөсөн асуудал. Гэхдээ түүнийг нэр дэвшүүлэхээс эхлээд сонгогдох хүртэл багагүй хэл ам гарч, маргаан дэгдэж байсан билээ. Харин одоо тэрбээр ажлаа аваад удаагүй ч хоёр ч удаагийн хурлыг ирцийн асуудлаас болоод хийж чадсангүй. Эндээс харахад нийслэлийн иргэдийн төлөөлөгч нар даргаа хүлээн зөвшөөрөхгүй байна уу, эсвэл энэ хурлыг удирдахад нэлээн их чадвар, туршлага хэрэгтэй болдог уу гэсэн асуулт урган гарч ирнэ. Хамгийн гол нь, НИТХ-ын өмнөх дарга нарын анхны хурлаа ирц бүрдүүлж чадаагүйн улмаас хойшлуулсан хүн байхгүй. Ялангуяа Э.Бат-Үүлийн үед НИТХ-ийн даргаар ажиллаж байсан Д.Баттулга гээд НИТХ-ын ажлыг маш сайн авч явдаг байсан хүн олон.

Тэгэхээр төлөөлөгч, тэргүүлэгч нартаа хүлээн зөвшөөрөгдөж амжаагүй С.Амарсайханыг ажлаа хийж чадахгүй байна уу даа гэх бодол төрөх аж. Түүнчлэн аливаа төлөөллийн байгууллагыг удирдан явуулдаг албан тушаалтан аль ч намаас сонгогдсон байлаа гээд улстөрөөр талцалгүй, олон талаас цугларсан төлөөлөгчдийн эв нэгдлийг зангидаж, үзэл бодлоо төв байлгахгүй бол шүүмжлэлд өртөж, яваандаа ажил цалгардуулах нь ойлгомжтой.

Нөгөөтэйгүүр олон чухал асуудал шийдэх ёстой, завсрын улиралд нийт иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон төлөөлөгч нар нь хуралдаа ирдэггүй, шийдвэрлэх асуудалд оролцдоггүй, хариуцлага алдаж, үүнээс болж нийслэлийн ажил, нийслэлчүүдийн амьдралд халтай нөлөө үзүүлбэл энэ НИТХ-ыг тараах ёстой гэвэл буруудахгүй байх.

Өөрөөр хэлбэл, НИТХ-ын ажил тоглоом биш учраас үүнийг зангидах ёстой дарга нь анх амлаж байснаараа хотын ажлыг саатуулалгүй, хурдтай урагшлуулах шаардлагатай байна. Угтаа бол Хурлын даргын гол үүрэг, үндсэн чиглэл нь  эвдэрснийг нийлүүлж эв нэгдлийг хичээж,  хэсэг бүлэг хүмүүсийн  төлөө  бус нийт 45 төлөөлөгчөө зангидах  хүний л хийдэг ажил болохоор энэ удаад шинэхэн дарга С.Амарсайхан маань арай л түүхий байгаа бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
48323
5 эможи
keyboard_arrow_up