Ерөнхий сайдын тамга гардах У.Хүрэлсүх танд өгөх ТАВАН ЗӨВЛӨМЖ
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг УИХ-аас томилно.
УИХ-ын 76 гишүүний 42 гишүүн гарын үсэг зурсан гэж үзвэл түүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилох өнөөдрийн чуулганы дүн ил тод гарсан гэж үзэж болно. Үүн дээр МАН-ын Бага хурлын 188 гишүүн У.Хүрэлсүхийн төлөө гараа өргөснийг ч бодолцож үзэхэд нэмэр болон цучил болж таараа. Мөн өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болохыг, мөн түүний УИХ-ын хуралдаанд нэрийг нь оруулж ирэх сайдуудын нэрийг ч багаар нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байгаа. Тиймээс энэ удаад У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болох хүсэл, зорилгод саад бэрхшээл байхгүй гэсэн үг.
Гэхдээ анхааруулах анхааруулга болон зөвлөмж бол байх нь зүй ёсны хэрэг юм. Учир нь өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд бас ч гэж чамлахааргүй үр дүнд хүрсэн Ж.Эрдэнэбатын хэмээн нэрийдэх, мэргэжлийн гэж тодотгогдох Засгийн газрыг огцруулахад У.Хүрэлсүхийн баг МАН-д тэргүүн үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь эрх баригч намын хувьд тэр дундаа МАН-ын түүхэнд өөрийн Засгийн газраа огцруулсан анхны тохиолдол.
Монголын ууган улс төрийн хүчний хувьд энэ нь магадгүй реформын шинжтэй тэрсэлдээн, зөрчилдөөн болж түүхэнд үлдэхийг үгүйсгэх аргагүй. Гагцхүү У.Хүрэлсүх болон түүний баг тэрсэлдэж, боссон шигээ бодит үр дүнд хүрч, Монголыг хөгжүүлэх бодит зам гарцыг нээж, үр дүнд хүрч чадвал шүү. Гол нь, үүнийг түүх харуулна. Тиймээс ч У.Хүрэлсүхэд дараах таван зөвлөмжийг хаяглая.
1. УИХ-ЫН 31 ГИШҮҮНЭЭС ХАРААТ БУС БАЙХ
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 31 гишүүн. Тэд хэдийгээр МАН-ын одоогийн удирдлага руу бойкот зарлаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах хөдөлгөөнийг эхлүүлсэн ч энэ бол эрх мэдэлд хүрэх давуу тал биш юм. Иймд тусгайлан уулзсан хүлээн авалтын ширээнээсээ өндийж, давхар болон дан дээлтэй сайдын асуудлыг зөв шийдэхийг хүсье.
Мэдээж чиглэлийн яамдуудын хувьд давхар дээлтэй байх боломжтой гэдгийг улстөрчид ч, судлаачид ч дүгнэж байгаа. Гагцхүү өөрийнхөө хэлсэн “Ажил хийж чадах хүнийг сайдаар томилно" гэсэн үгэндээ хүрэхийг тань Монголын ард түмэн бүгдээрээ хүлээж буй гэдгийг анхааруулья. Эс бөгөөс хувьчлагдсан эрх мэдлийн горыг амссан монголчууд өчигдөр нэхсэн хариуцлагаа өнөөдөр ч, маргааш ч нэхэхгүй байна гэж үгүй юм.
2. НЭР ЦЭВЭР БАГ ЭХНИЙ НЭМЭХ ОНООГ АВЧИРНА
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгээ У.Хүрэлсүх танд Засгийн газрыг сайдуудын нэрийг оруулж ирэх хүртлээ санан санахыг хүсье. Учир нь, өнөөдөр Төрийн ордонд “Эрчим хүчний сайдын суудлыг голж гэнэ. Сангийн сайд болох гээд ууртай байгаа гэнэ. Шадар сайдын суудалд хоёр хүн сонирхлоо илэрхийлж. Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам руу эмэгтэй улстөрчид хоёр, гурваараа өрсөлдөж байна гэнэ” гэх мэт олон яриа, таамаг хийж байгаа.
Гэвч энэ бол тэдний хүсэл бус гагцхүү багийн тоглолтод хэн тэнцэх вэ гэдгийг бодож Ерөнхий сайдын хувиар сонголтоо хийгээрэй. Учир нь, Ж.Эрдэнэбатын Засгийн газраас Шадар сайдын хувиар огцрох хүсэлтээ гаргасантай тань адил өөрийн тань багаас хэн ч санаа урвахыг тааварлах аргагүй. Иймд өөрийнхөө гаргасан шийдвэрийг өрөөлөөс сонсохгүйн тулд баг, тэр дундаа зөв, гол нь нэр цэвэр баг, намтар бүтэн баг танд эхний нэмэх оноог авчирна гэдгийг санаарай.
3. ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ТҮРГЭТГЭХ
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахтай зэрэгцэн түгсэн хамгийн муу мэдээлэл бол яах аргагүй Олон улсын валютын сангийн Удирдах зөвлөл манай улстай хийсэн гэрээнийхээ үргэлжлэлийг түр хугацаагаар түтгэлзүүлсэн явдал юм.
Хэдийгээр энэ нь гэрээ дуусгавар болсон эс бол цуцалсан үг биш ч гэлээ “Монголын улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан дараагийн хэлэлцээрийг түр хойшлуулсан" гэдэг тус сангийн тайлбарт таатай хариулт өгөхийг хичээх нь яах аргагүй У.Хүрэлсүх гэж хувь улстөрчийн бус харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэг том зорилт байх биз ээ.
4. МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД УРИХ
Өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдох У.Хүрэлсүх танаа” хэмээгээд “Нийгэмд шийдвэрлэх олон тулгамдсан асуудал Биднийг хүлээж байна. Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж багш, эмч, бусад салбарын ажилчдын нэмэгдээгүй “хорогдсон цалин”, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх. Гарц шийдлийг хамтдаа эрэлхийлж бий болгоё. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж асуудлыг шийднэ’’ гэсэн Таны тэргүүлэх Засгийн газрын илэрхийлсэн байр суурийг МҮЭ-ийн холбоо дэмжиж байна.
Гэхдээ улс орныхоо хөнжлийн хэмжээг нэмэгдүүлж асуудлыг шийдэх бололцоог бий болгоё" гэсэн ил захидал хүргүүлсэн байгаа. Иймд “Багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй" гэсэн өөрийн хатуу байр сууринаасаа ухарч, нийгмийн хөдөлгөгч хүч болон эмч, багш нартай яаралтай хэлэлцээрийн ширээнд суухыг хүсье. Учир нь, тэдний ард Монголын ирээдүй, монгол хүний эрүүл мэнд хохирно гэдгийг бодолцож үзэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын эн тэргүүний зорилт байж таараа.
5. МАН-ЫН ЗӨРЧЛӨӨС ТӨРИЙН ЗӨРЧЛИЙГ ХАМГААЛАХ
Өнгөрсөн cap гаруйн хугацаанд Монгол ардын нам дахь дотоод зөрчил эрчимжиж, төр засагт бужигнаан үүсгэж, олон түмэнд эргэлзээ үүсгэсэн нь бодит үнэн. Иймд тэрхүү зөрчлийг Ерөнхий сайдын суудлаас хурцатгах бус харин эвлэлдэн нэгдэх, эвлэн хэлэлцэх замаар МАН-ын зөрчлийг төрийн зөрчлөөс ангижруулахыг хүсье. Учир нь, эрх баригч намын зөрчил нь бүхэл бүтэн Засгийн газрыг огцруулах хүчтэй байхын хэрээр эргээд төрийн албаны үйл хэрэг, төрийн албан хаагчдын залгамж халааг устгадаг гэмтэй.
Тиймээс Засгийн газрын шинэ сайдуудыг томилохдоо ч, яам, агентлагийн удирдлагуудыг сонгохдоо ч охид, хөвгүүдээ эрхлүүлэхийн нэгэн адил тал засагчдынхаа тойронд хүрээллээс ангижрахыг ерөөе. Эс бөгөөс өнөөдрийн Ерөнхий сайд маргаашийн ялагдалд ойрхон байдгийг та өөрөө удирдан үзүүллээ шүү дээ.