Ерөнхийлөгчийн бай нь ОФШОРЧИД уу, АТГ-ын дарга уу

2017 оны 9 сарын 27

Related image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоодугаар сарын 24-нд улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан уриалга гаргасан. Ингэхдээ офшор дансанд хадгалж буй мөнгөө монголдоо оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгсөн. Уриалгадаа "ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “офшор бүс" хэмээн тооцож нэрлэсэн байна. 

Эдгээр офшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд офшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна.

Монгол Улс 2017 оныг хүртэл офшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд офшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, офшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие офшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор офшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банканд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж. зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.” хэмээсэн.

Үндсэндээ төр уучилъя гэсэн. Гэвч товлосон хугацаа, тогтоосон өдөр болоход сайтар нуусан гэж бодож байсан хөрөнгөө саналаараа дээрх уриалгын дагуу эх орондоо чин үнэнчээр “чирээд” ирсэн хүн нэгээхэн ч үгүй.

Ингээд энэ сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уриалсан хугацаа дууссантай холбогдуулан уг уриалгын биелэлт, ажлын явц байдалтай танилцахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын дарга. тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Х.Энхжаргал комиссар 49 хоногийн хугацаанд “Нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй” гэдгийг хэлсэн.

Түүнчлэн Засгийн газрын наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар баталсан офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг “сайн эрс” нь мэдэхгүй байгаа мэт асуудлыг ч хөндсөн.

Мэдээж энэ бол тохуу мэт ойлгогдох авч офшорчид бол яг л дээрх тайлбарыг өгөх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, офшор бүс гэдэг аль, аль хэсэг, хил хязгаараар зааглагдсан гэдгийг мэдээгүй л гэх болов уу. Тэр ч утгаараа Х.Энхжаргал комиссар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай уулзах үедээ өнөөдрийн байдлаар офшор бүсэд ийм ийм орон багтана гэсэн тогтоол гарч баталгаажих юм бол 3 cap, 30 хоног гэсэн ойлголтоо хөөн тооцоолоход 2018 оны нэгдүгээр сарын 10-дын орчимд офшорт данстай хүмүүс хөрөнгөө хэрхэн зохицуулснаа Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх боломжтой болох юм гэдгийг ч дуулгасан.

Мөн Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай Монгол Улс хамтран ажиллаж, гишүүн нь болсон бөгөөд тэдний хүсэлтээр Эрүүгийн хуульд нэмэлт оруулжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр офшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон, хориглолтын нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Уг хуульд офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж хуульчилсан гэдгийг дуулгасан.

Үнэн хэрэгтээ авлигатай тэмцэнэ гэдэг ганц байгууллага, хэсэг бүлэг хүн эсвэл бүр дэлхийн аль нэг улс дангаараа хийдэг ажил биш гэдгийг олон улсад ч хүлээн зөвшөөрчээ.

Тиймдээ ч саяхан манай улсад АТГ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулсан сургалт, семинарт оролцогч талуудын хувьд манай улсыг авлигатай тэмцэх чиглэлээр бодлого эрх зүйн тодорхой зохицуулалтууд хийсэн, бие даасан байгууллага байгуулж, үндэсний хөтөлбөрийг тодорхой үе шат, хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа нь зарим талаар эерэг үр дүн гарч авлигын ерөнхий үзүүлэлтийн хувьд харьцангуй өөрчлөлт гарсан гэж магтаад офшорчидтой тэмцэнэ гэдэг нь үндэстэн дамнасан асуудал гэдгийг ч санал нэгтэйгээр хэлжээ.

Тэгэхээр нэгэнтээ гадаадад гарчихсан байгаа хөрөнгө мөнгийг буцаан татах эсвэл царцаах зэрэг үйл ажиллагааг олон улсын хэмжээнд хамтран зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэдгийг хөгжингүй орнууд болон гаднын байгууллагууд тодорхойлоод байгаа юм. Тодорхой хэмжээгээр эрх зүйн харилцан туслалцаатай орнууд байдаг ч яг офшорыг тaтax зэрэг үйл ажиллагааг зохицуулах, харилцан туслалцах гэрээ, хэлэлцээрүүд хийгдээгүй байгаа юм. Энэ нь дан ганц манай улсад тохиолдож буй бэрхшээл ч бус. Учир нь офшор бүс гэдэг нь өөрөө харилцагчийнхаа бүхий л асуудлыг нууцална гэх мэтээр гэрээ хийчихсэн байдаг зэрэг нь нөлөөлж, цаг хугацаа нэлээдгүй зарцуулдаг талаар ярьдаг.

Тэгэхээр монголчууд бид хэдий авлигатай тэмцэх байгууллагатай, хуультай болсон ч олон улсад хамтран ажиллах бусад гэрээ, хэлцлүүдийг хийх шаардлагатай гэсэн үг юм. Уг нь энэ талаар офшорчдыг хөрөнгөө аваад ир ганц удаа өршөөе хэмээн уриалга гаргасан Ерөнхийлөгч Х.Баттулга урьд нь УИХ-ын гишүүн байсан, АТГ-ын дарга Х.Энхжаргал комиссартай уулзсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өмнө нь УИХ-ын дарга байсан гэдэг утгаараа маш сайн мэдэж байсан байж таарна.

Гэтэл Ерөнхийлөгчийн тангараг өргөөд cap ч хүрээгүй байх хугацаандаа офшорчидтой хийх тэмцлээ нэн даруй эхлүүлж байна хэмээн 49 хоногийн болзол тогтоосон нь тун хачирхалтай. Харин ч энэхүү хардлага нь офшорчидтой бус тэдэнтэй тэмцэх байгууллагын даргатай хийх тэмцэл мэт харагдаж байгаа юм. Уг нь Авлигын эсрэг хуульд зааснаар тус газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог.

Тэгэхээр АТГ-ын одоогийн дарга комиссар Х.Энхжаргал 2016 оны долоодугаар сарын 8-нд томилогдсон учраас, ажил албаа хүлээлгэн өгөхөд ёстой л зай ч байна, лай ч байна гэсэн үг. Нэгэнт хугацаа нь дуусгавар болох болоогүй учраас жаахан баалж, ажлыг нь ухаад эхлэхэд шантрахдаа “бууж өгөх" нь гарцаагүй гэх тооцоолол ч байхыг үгүйсгэх аргагүй бололтой. Тиймдээ ч авлигатай тэмцэх хөрс нь ямар байгааг мэдсээр байж, олон улсын гэрээ, хэлцлүүдээ хий хэмээн шаардахын оронд офшорчдыг олж ир хэмээн шаардах нь зүйд нийцэхгүй асуудал болж хувираад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47464
0 эможи
keyboard_arrow_up