"Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөн” амжилттай боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 38 дугаар захирамжаар Монгол улсын үнэлэмж, байр, суурь, Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, Монгол улсыг дэлхийд таниулах бүтээгдэхүүн, үйлчилгээг тодруулах, сурталчлах бодлогыг зохицуулах үүрэг бүхий "Монголын үндэсний брэндийн зөвлөл" анх дугаар зөвөлгөөнөө зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний брендын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Батгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон монголд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудад, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдууд, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцож, өөрсдийн санаа бодлоо солилцлоо.
Зөвөлгөөнийг нээж Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ "Монголын Үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн гадаадын улс орны Элчин сайд нар, олон улсын байгууллага, бизнесийн байгууллагын төлөөллүүд, Эрхэм зочид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын Үндэсний брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах бодлогыг зохицуулах, гадаадын улс орнуудад Монгол Улсын байр суурь, ард түмэн, түүх, өв соёл, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд ямар түвшинд танигдан үнэлэгдсэн талаарх шат дараалсан судалгааг мэргэжлийн төвшинд хийж, кампанит ажил өрнүүлэх чиг үүрэгтэй юм. Мөн дотооддоо байгаа боломжит нөөц бололцоо, тулгамдаж буй асуудлуудыг судалгаан дээр үндэслэн тооцож, улс орны хэмжээнд өндөр өгөөжтэй хөгжлийн бодлогын төслийг боловсруулах, санал дүгнэлт гаргаж мэдээллээр хангаж ажиллана.
Өнөөдөр улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа хэдий ч эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийнхээ гол шалтгааныгсудалгаанд тулгуурлан тогтоох нь хамгийн чухал юм. Бид урьдын адил тойрч зугтахгүйгээр хямрал хүндрэлтэйгээ нүүр тулж, нүцгэн гараараа ч хамаагүй тэмцэх ёстой. Энэ тэмцэлд ялахад бүх эрсдлийг тооцсон, үр дүнг урьдчилж харсан тооцоо судалгаа хэрэгтэй. Хэрвээ бид бодлого шийдвэр бүрээ тооцоо, судалгаан дээр үндэслэж гаргавал бүх эрсдэл маань боломжоор солигдоно.
Эрсдэл боломжоор солиход Монголын үндэсний брэндийн зөвлөл их үүрэг гүйцэтгэнэ, ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна." хэмээлээ.
Зөвлөгөөний үеэр:
“Монголын үндэсний брэндийн одоо ба ирээдүй” сэдвээр Ажлын албаны дарга Б. Батгэрэл
“Дэлхийн улс орнуудын үндэсний брэндийн өрсөлдөөн” сэдвээр “Эделман Кореа” компанийн гүйцэтгэх захирал Квон Шин Ил
“MNB-World” төслийн танилцуулга МҮОНРТ-ийн мэргэжилтэн Д. Билгүүтэй
“Үндэсний брэндийн ач холбогдол болон GREAT BRITAIN кампанит ажил” сэдвээр ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Элизабет Катрин Жейн Арнолд нар илтгэл тавьж, санал солилцсон юм.