Ц.Сандуй шиг ажлаа өгөх хэдэн улстөрч байна
-У.Хүрэлсүх 2012 онд намаа буталж байсан. Харин Ц.Сандуй эв нэдлгийг эрхэмлэж албан тушаалаасаа татгалзлаа. Энэ хоёр хүний ялгаа ердөө л энэ-
НИТХ-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа сайн дураараа татгалзаж, халагдах өргөдлөө бичжээ. Гэхдээ тэрбээр дан ганц ажлаа өгөөд зогсохгүй, МАН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны бурууг ч өөртөө авч байгаа бололтой. Тодруулбал, Ц.Сандуй нийслэлийн МАН-ын хорооны даргын албыг ч тэгтэл их хүсээд байгаа нөхдөд нь чимээгүйхэн өгчихөж байгаа аж.
Тэгвэл яагаад ийм үйл явдал болчихов оо. МАН доторх эсэргүүцэгчид /АН биш МАН доторх/ чухам л Ц.Сандуй огцорч гэмээнэ монголчууд амар жимэр аж төрөх юм шиг утга агуулгатай уриа лоозон гаргаад байсан. Гэвч олон нийт түүнийг ингээд буугаад өгчихнө чинээ санаагүй байх. Яагаад гэвэл Ц.Сандуй гэгч яг хэн бэ, хийсэн ажил нь хаана байна гэдгийг дүгнэх цаг хугацаа арай болоогүй байсан.
Харин тэрбээр эсэргүүцэгчдийн хүссэнийг биелүүлчихлээ. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй суудлаасаа буух, эсэх нь олон түмэнд чухал шийд байгаагүй. Ерөөсөө ингэж их анхаарлаа хандуулаад байх ч объект биш. Зүгээр л тэрбээр НИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга зэрэг өсөх ирээдүйтэй албуудыг хашдаг байсанд хамаг учир оршиж байгаа юм.
Учир нь хоёр ч удаа нийслэлийнхний итгэлийг хүлээж чадсан Ц.Сандуй мэтийн чадварлаг, нэр хүндтэй залуус МАН-ын Хотын фракцад багтах болсон нь бусад бүлэг, нэгдлийнхний атаа хорсол, санаа зовнилыг төрүүлсэн нь тодорхой. Нэг үгээр, Ц.Сандуй хэзээ нэгэн цагт МАН-ын болон төрийн том албыг хаших нь ойлгомжтой болсон. Тиймээс түүнийг ямар нэг аргаар улстөрийн тавцангаас холдуулах шаардлага гарсан байж таарна.
Үүний тулд, нэн түрүүнд өсөн дэвжээд, хурдаа авчихсан нэр хүндийг нь унагаах ёстой болсон ба Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ мэхээ гаргасан байх. Хамгийн гол нь, МАН-ын сөрөг хүчин АН ч биш, нам дотроосоо Ц.Сандуйн нэр хүндийг унагаах операци зохиосон нь нэгэнт илэрхий болсон. Гэсэн ч муу үг модон улаатай гэгчээр олон нийтийн дунд сөрөг хандлага үүссэн. Улмаар мөн л МАН-ын Зүүний хүчний холбооны залуусаар толгойлуулсан бүлэг сонгуулиас хойш НИТХ, нийслэлийн МАН-ын хороог ажлаа хэвийн явуулах аргагүй болтол нь дайралт хийсээр өнөөг хүрсэн. Хүмүүс энэ нөхцөл байдлыг ажиглаад, цаашид Монгол Улсыг авч явах залуу хүмүүс албан тушаалын хэт их амбицаас болж ийм явуургүй арга хэрэглэж байгааг шүүмжлэх болсон билээ.
Гэхдээ энд дан ганц сандал, суудлын төлөөх дайн гарсан гэвэл бас л өрөөсгөл. Учир юу гэвэл, анхандаа Зүүний хүчний холбоо М.Энхболдын ялагдсан шалтгааныг Ц.Сандуйтай холбон тайлбарлаж, үүнийгээ үнэн болгохоор улайрч байсан. Гэвч энэ нь бүр тэс өөр зорилготой байсныг Шадар сайд, Зүүний хүчний холбооны тэргүүн У.Хүрэлсүхийн АН-тай хийсэн тохироо, Х.Баттулгатай ярьсан бичлэг зэргээр бүгд ойлгож авсан. Тиймээс У.Хүрэлсүхийг өөрийнх нь бүтээсэн шалбаагнаас хир тоосгүй гарган авахын тулд ямар ч хамаагүй аргаар ялагдлын цаадах учрыг өөр тийш хандуулахаар улайрсаар байгаа.
Тэр ч бүү хэл, одоо энэ бүх шунал хүсэл зөвхөн намын даргын суудлын төлөө биш бүр байтлаа Засгийн газрын тэргүүн, цаашилбал, УИХ-ыг удирдах албыг авах асар том санаархал гэдэг нь тодорхой болсон.
Иймд Ц.Сандуй зүгээр л эрийн хуйх зааж, бүх ял зэмийг нуруундаа үүрээд, түмний зүхлийг тээгээд, энэ бүхний эцэст нам эв нэгдэлтэй, төр тогтвортой байх ёстой гээд ажил, албаа бүгдийг нь хүссэн этгээдүүдэд нь өгчихөж байгаа ажээ.
Харин У.Хүрэлсүхийн хувьд, МАН-ыг МАХН байх үед мөн л дотооддоо элдэв бүлэг, фракц, ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэж байгаад Н.Энхбаярыг зайлуулж дөнгөсөн этгээд. Мөн тэрбээр 2012 онд намаа буталж байсан бол Ц.Сандуй эв нэгдлийг эрхэмлэж эрх мэдэл албан тушаалаа өгчихлөө. Энэ хоёр хүний ялгаа л ердөө энэ гэдгийг өчигдөр НИТХ-ын бүлгийн хуралдаанаас тод томруун харагдлаа. Өөрөөр хэлбэл .Хүрэлсүх 2012 онд МАН-ыг ялагдалд хүргэсэн гол буруутан. Гэхдээ тэр үед хэн ч түүнийг чичлээгүй. Яагаад гэвэл, МАН-д эв нэгдэл юу юунаас чухал тул намын удирдлагуудаас У.Хүрэлсүхэд хандаж хатуухан үг ч унагаагүйг бүгд санаж байгаа биз ээ.
Гэвч олон нийт түүнийг буруутгаж байсан тул тэрбээр тунирхсандаа юу, эсвэл шаралхсандаа юу, үгүй бол бүр цөөнх болсон намд байхыг хүсээгүй юу, ямар ч гэсэн Төрийн ордонд зодоон цохион, элдэв хэрүүл хийж аваад, АНУ-руу зугтаачихсан. Тэгэхэд хүн бүр л түүнийг ийм том албанаас татгалзах иргэний зоригтой хүн гэж магтаад, бохир улстөрөөс хол, нэр цэвэр амьдрахыг ерөөсөн.
Гэтэл 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулангуут мань хүн гэнэт л баатрын дүрээр гарч ирсэн. Гэхдээ түүнийг энэ удаад намыхаа эсрэг ажиллана гэж хэн ч санаагүй. Харамсалтай нь, МАН-ын ялагдлуудын цаана дандаа У.Хүрэлсүх байдаг нь түүнийг энэ намын хүн яг мөн үү, эсвэл эсрэг намын Штирлиц үү гэдгийг тодорхойлоход ч бэрх болгожээ.
Тэрбээр Ц.Сандуйг саяхан бацаан гэж нэрлэж байсан. Гэвч түүнд “бацаан”-ы гаргаж чадах зүрх, сэтгэл даанч алга даа. Нийслэлийн МАН-н хороо гэж ямар байгууллага байсныг гишүүд, дэмжигчид нь мартаагүй байх. 2012 онд энэ байгууллагаас нэр, тамга хоёр л үлдсэн байсан. Тэр ч бүү хэл, Ц.Сандуй эхнээсээ энэ албыг авахаар төрчихөөгүй. Олон хүн МАН-ын хороог удирдах тухай яригдаж байсан ч ийм газар руу орохыг хэн ч хүсээгүй. Харин Ц.Сандуй энэ албыг авч, өдий зэрэгтэй болтол нь удирдсан. Гэхдээ одоо тэрбээр НИТХ-дахь МАН -ын бүлгийнхэн түүнийг албан тушаалаа өгөхгүй байхыг ятгасан ч, шударга үнэн ялах ёстой учир буруугүйгээ нотлохын тулд ийм шийдвэр гаргасан гэдгээ бүлгийн гишүүддээ тайлбарлажээ.