Наадмаар тав хоног амрах хуулийн төслийг дэмжсэнгүй

2014 оны 6 сарын 18

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх явцад төсөл санаачлагчаас зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзээд хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.

Монгол Улсын үндэсний болон дипломат ёслол, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх зэрэг ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарыг ёслолын арга хэмжээнд оролцуулах, гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзуулах зэрэг ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Төрийн ёслолын журмаар зохицуулдаг. Төрийн ёслолын ажиллагаа нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал болон нийт өргөн олныг хамарсан, Монголын ард түмний уламжлал, ёс заншил, үндэсний онцлогийг харуулсан бахархал, хүндэтгэлийн арга хэмжээ учраас төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч цаашид Төрийн ёслолын журмыг баталж байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй урьдчилан зөвшилцсөн байна.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд бусад хуультай уялдуулах зорилгоор Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулжээ.

Харин хэлэлцүүлэгийн явцад Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг төрийн ёслол нь зөвхөн гүйцэтгэх засаглалд хамаатай асуудал биш. Энэ чиг үүргийг Ерөнхийлөгчид шилжүүлснээр төрийн эрх мэдлийн хуваарилалтад буруудах зүйл байхгүй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Цог төрийн тэргүүнд ийм аар саар зүйлийг тохоод байх хэрэггүй учраас энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буйгаа хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл одоо байгаа нь болохоо больчихоод яаралтай өөрчлөхөд тулчихсан асуудал биш учраас намрын чуулган хүртэл хойшлуулах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд одоогийн байгаа байдлыг өөрчилснөөр төрийн ёслолын ажиллагаанд ямар нэг алдаа гарвал засаж залруулахад түвэгтэй болно, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан наадам тулчихсан ийм үед төрийн ёслолын журмыг өөрчлөх нь буруу, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар эрх хэмжээнийхээ хүрээнд шийдээд явах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй тул төсөл санаачлагч нь татаж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4628
0 эможи
keyboard_arrow_up