Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө

2017 оны 7 сарын 21

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг өчигдөр УИХ-ын даргад хаяглан ирүүлсэн билээ.

Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээв. Эл албан тоотод, “Танаас ирүүлсэн “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичигтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.
Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг УИХ-д ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр УИХ-тай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.

Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд УИХ, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр УИХ-тай харилцаж байхыг хүсье” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45192
0 эможи
keyboard_arrow_up