БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлаар гишүүд юу хэлж байв

2017 оны 6 сарын 21

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, 64.3 хувийн саналаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцрууллаа.

Сайдыг огцруулах асуудлаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Ж.Бат-Эрдэнэ: Мэдээж бид хариуцлага тооцоод явах ёстой. Ж.Батсуурь сайдын хувьд аймгийн Засаг дарга хийсэн, УИХ-ын гишүүнээр олон жил ажилласан. Иймдээ туршлага нь муудаад, арга барил нь буруудаад огцорч байгаа гэж бодохгүй байна. Гол нь яамны ажилтнуудын уялдаа холбоо, хариуцлагагүйгээс болж сайдын толгой дээр бууж байгаа болов уу. Тиймээс яамны дотоод үйл ажиллагаа, уялдаа холбоог цаашдаа сайжруулах ёстой юм шүү гэж хэлмээр байна.

Т.Аюурсайхан: Монгол төрд хариуцлагын асуудал байх ёстой гэж ойлгож байгаа. МАН-ын дарга үнэмлэхүй их ялалт, үнэмлэхүй их хариуцлагыг авчирна гэж хэлсэн. Энэ үнэн юм. Буруугаа хаацайлдаг, хувааж иддэг байдлыг таслан зогсоож, хариуцлага тооцож байгаа асуудлыг дэмжиж байна. Үлдэж байгаа сайд нар мөн ажилдаа анхаарч, өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Энэ асуудал салбарын сайдын асуудал ч биш юм. Дунд шатны удирдах албан тушаалтнууд хариуцлагагүй байдлыг өөрчлөх ёстой. Монгол төр бүхэлдээ хариуцлагагүй болсон байна. Энэ бол зөвхөн нэг сайдын асуудал биш юм. Төрийн албыг цэгцлэх хэрэгтэй байна.

С.Чинзориг: Сайд нарт хариуцлага тооцох асуудлыг дэмжиж явдаг. Гэхдээ энэ удаагийнх нь байгаа оносон байсан уу, үгүй юу. Төрийн “гал тогоонд” ажилласан туршлагатай, төрийн шаардлагыг хангасан цөөхөн хүний нэгийг огцруулах гэж байгаа нь зөв үү. Саяхан дэд сайдыг нь шагнаад Элчин сайдаар явуулсан. Харин сайдыг нь огцруулах гээд оруулж ирж байна. Яг ямар үндэслэлээр хариуцлага тооцохоор оруулж ирж байгааг нь тодорхой хэлээч. Хариуцсан албан хаагчид нь хариуцлага тооцоогүй байж сайдад шууд хариуцлага тооцож байгаа нь хэр оновчтой вэ. Ер нь цаашдаа салбарын хэмжээнд нь сайдтайгаа гар нийлж ажиллаж чадахгүй байгаа Төрийн нарийн бичгийн дарга, албан хаагчдад хариуцлага тооцох уу.  

Ж.Мөнхбат: Ж.Батсуурь сайд бол докторын зэрэгтэй хүн. Засгийн газрын тухай хуульд зааснаар ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр сайдыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд оруулж ирж байгаа юм. Дэд сайдын хувьд төрийн өндөр албан тушаалд байж байгаад тусгай албан хаагч болж зэрэг дэв буурч явсан байгаа. Зөвхөн сайдад хариуцлага тооцоод өнгөрөхгүй. Яамны хариуцлага алдсан албан тушаалтнуудад мөн хариуцлага тооцоод явна.

Ч.Улаан: Хариуцлагын асуудлыг дэмжихгүй хүн байхгүй байх аа. Яамныхаа сайдын бодлого үйл ажиллагааг дэмжиж ажилладаггүй яамыг яах вэ. Хариуцлага хүлээх ёстой албан тушаалтанд сайдаар нь хариуцлага тооцуулах байсан юм биш үү. Үүр уурхайг нь гаргаж ирэхгүй байж, зөвхөн сайдыг нь огцруулаад асуудал шийдэгдэхгүй шүү. Ийм туршлага бидэнд бий. Яамны Төрийн нарийн бичгийн дарга яамны аппараттай ажиллаж чадахгүй нөхцөлд Төрийн нарийн бичгийн даргыг нь огцруулаад явж байсан. Энэ удаа аппаратыг нь үлдээгээд сайдыг нь огцруулж байгаа нь хэр зөв вэ.

Ж.Мөнхбат: Энэ салбарт ажил дээрээ алдаа гаргасан яамны аппаратын хүмүүст хариуцлага тооцно. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирж байна. Яамны хариуцлага алдсан ажилтнуудад хариуцлага тооцно гэдгээ хэлье.

А.Сүхбат: Бусад яамд алдаа дутагдалгүй ажиллаж байгаа юу. Ж.Батсуурь сайд өнөөдөр огцордог юм байж, харин доор нь ажиллаж байгаа хүмүүсийг бүгдэнд нь хариуцлага тооцох хэрэгтэй.

Ж.Мөнхбат: БСШУСЯ-нд үүссэн асуудал бол төгсөх ангийн сурагчид анх удаагаа шалгалтаа дахиж өгөхөөр болсон. Энэ нь хариуцлагын асуудлыг гаргаж ирэхэд хүргэж байна. Хариуцлагын асуудал сайдаар дуусахгүй үргэлжлэх болно.

Н.Энхболд: Нэг сайдын асуудлыг бид яриагүй. Хариуцлагын асуудлыг ярьж байна. Манай намын Бага хурал, Удирдах зөвлөлөөр албан тушаалд томилогдсон хүмүүсийн хариуцлагын тухай асуудлыг ярьсан. Энэ үеэр эрх мэдлээ хэтрүүлдэг, буруу ашигладаг, дураараа загнадаг, тансагладаг, хүнд суртал, ёс суртахуунгүй байдал гаргадаг хүмүүст хариуцлага тууштай тооцдог байх тухай ярьж чиглэл гаргасан. УИХ нь Ерөнхий сайд, сайд нартайгаа, Засгийн газар нь сайд нартайгаа, сайд нар нь дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нь яамныхаа аппаратынхантайгаа хариуцлага тооцох учиртай юм. Шат шатандаа хариуцлага тооцож, тухай бүртээ асуудлыг шийдвэрлэхгүй сайдын асуудал орж ирж байна. Засгийн газар шат шатандаа хариуцлага тооцсон юм уу гэдгийг анхааруулж хэлж байна.

Б.Пүрэвдорж: Огцруулах үндэслэл болохгүй байна. Энэ бол яамны Төрийн нарийн бичгийн даргын хариуцлага асуудал байна. Тиймээс эдгээр хүмүүстэйгээ хариуцлага тооцох ёстой гэж бодож байгаа юм. Ж.Мөнхбат өнөөдөр хариуцлага тооцох тухай ярих хэрэггүй. Сонгуульд мөнгө босгохын тулд сайд нараа шамдуулж байгаа. Үүнийг нь энэ сайд хийж чадахгүй болохоор огцруулах гэж байна. Мөнгө төлөөгүй хүнээ огцруулах гэдэг энэ байдлаа боль л доо.

Ц.Цогзолмаа: Боловсролын систем, концевци гэдэг бол Монгол Улсын хувьд их ач холбогдолтой салбар. Хувь хүний хариуцлага гэхээсээ илүүтэй системийн тогтсон буруу жишиг, олон гажуудлыг арилгах тал дээр УИХ дэмжлэг үзүүлж, Засгийн газартай хамтарч ажиллах ёстой гэж бодож байна.

Д.Тэрбишдагва: Монгол төр зүтгэсэн хүндээ хатуу байдаг гэж талийгаач Одончимэд гуай хэлж байсан үг санаанд орлоо. Өөрсдөө балчир байгаа мөртлөө бусдаас дээгүүр юм шиг ярьдаг залуусыг хараад зэвүү хүрээд байдаг юм. Нэгэнтээ ажил авсан удирдуулах ёстой хүмүүсдээ удирдуулаад ажиллах ёстой. Гэтэл ажилтнууд нь эзэнтэй болчихсон тэр эзэндээ сайд ажиллахгүй байгаа гэдгийг хэлээд явдаг ийм болчихсон. Хариуцлага тооцох асуудал нь зөв. Гэхдээ энэ зөв жишгийг буруу газраас эхэллээ. Энэ зөв үү, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм.

С.Жавхлан: Төрийн гурван өндөрлөгт шаардлага өгсөн байдаг юм. Тэр шаардлагын хариуг өгөхийг хүсэж байна. Би ажлынхаа өрөөнд хүлээж байя.

Д.Эрдэнэбат: Ж.Батсуурь сайд намынхаа, улс төрийн ганцаардалд орчихсон юм байна гэж харж байна. Номхон тэмээ ноолоход амар гэдэг дээ. Шалгалтын тест задарсанаас болж Батсуурь сайдыг огцруулж байгаа гэж бодохгүй байна. Сангийн яам валютын сангийн асуудал байна. Батлан хамгаалах яам хүний амь насыг алдсан харамсалтай хэрэг гарахад хариуцлага тооцоогүй. Дараагийн сайдын асуудал дээр дан дээлтэй байх ёстой гэдгийг хатуу тавина. Энэ чиглэлээр мэргэшсэн хүнээр сайд тавих ёстой юм шүү. Яаманд болдоггүй хор найруулдаг хүмүүс байдаг. Иймд асуудлыг хувь хүний зан байдлын асуудлаар биш болохгүй байгаа эзнийг нь олж хариуцлага тооцох хэрэгтэй. Маргааш эх үрсийн баяр болох гэж байна. Хүүхдүүдийнхээ өмнө хэн сайд нь үг хэлэх вэ. Улс төрийн өнцөгөөс нь харахад ийм байна.

Н.Учрал: Боловсролын багц хууль хэрэгжихэд хэцүү хууль болсон. Хүн солиод асуудал өөрчлөгдөхгүй ээ. Иймд энэ хуулиа өөрчлөх, УИХ-д ажлын хэсэг байгуулан явах хэрэгтэй. Шалгалтын тест задраад сайдад нь хариуцлага тооцож байна. Одоо нөхдүүдэд хариуцлага тооцож, салбар бүрт хариуцлагатай ажилламаар байна. Эхнээс нь авахуулаад хариуцлага тооцож, цэгцэнд нь оруулах хэрэгтэй.

Ж.Мөнхбат: Салбарын нэр хүнд нийгэмд унасан, шалгалтын тест задарсан асуудлаар Ерөнхий сайд асуудлыг оруулж ирсэн. Зарим нэг хүн хариуцлага ярихаар эсэргүүцээд байна. Б.Пүрэвдорж гишүүн. Намайг ямар албан тушаалыг зарсан гэдгийг хууль шүүхийн өмнө нотлоорой. Та ч мөн Гадаадын иргэн харьяатын газар байхдаа ямар асуудалд орж, хэнээр аргалуулсан гэдгийг чинь Монголын ард түмэн мэднэ. Энэ асуудлыг чинь сөхөж гаргаж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулах болно гэдгийг хэлчихье.


power.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44494
0 эможи
keyboard_arrow_up