Байнгын хороо таван минут хуралджээ

Хууль зүйн байнгын хороо хуралдсан байна. Гэвч хуралдааны хугацаа маш богинохон буюу таван минут үргэлжилжээ. Байнгын хороогоор Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжжээ.
Энэхүү хуулийг төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачилж боловсруулсан билээ. Нэмэлт өөрчлөлт батлагдсанаар хууль санаачлах эрхтэй гурван субъектэд хялбар болно гэж тэрбээр тайлбарлаж байгаа юм.
Харин УИХ-ын гишүүд “ногоон гэрлээр” орж ирсэн энэхүү хуулийн төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачилсан хуулийн төсөл хэлэлцэгдээгүй гурван жил болж байгаа аж. Мөн Ж.Ганбаатар гишүүний хуулийн төсөл ч хэлэлцүүлэгт орж ирэхгүй удаж байгаа гэв. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан хуулийн төсөл “ногоон гэрлээр” орж ирсэнд гишүүд дургүйцэж, “хүний гар хөл болохоо боль” хэмээн хатуухан шүүмжлэлийг УИХ-ын чуулган дээр хэлсэн билээ.
Хэдийгээр гишүүд шүүмжлэлтэй хандсан ч УИХ-ын чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Харин өнөөдөр /2017.05.12/ Хууль зүйн байнгын хороо таван минут хуралдаж энэ хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна.









