Ц.Лхагважав: “Эко автомашин” хуулиас болоод Монгол Улсад орж ирэх боломжгүй болж байна

2017 оны 5 сарын 03

Эко автомашин импортлогчид Автомашины онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Автомашин импортлогчид 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-аар батлагдсан “Автомашины онцгой албан татвар нэмэгдүүлэх тухай” хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа 2017 оны тавдугаар сарын 1-ээс эхлэхээр заасан нь далайд гарцгүй манай орны ард түмэнд ялангуяа энэ төрлийн бизнес эрхлэгчдэд xyгацааг хэт тулгасан хэрэг болж байна хэмээн үзэж байгаа юм.


Одоогийн байдлаар хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Япон улсын дуудлага худалдаанаас автомашин импортлогчдын худалдаж авсан “эко автомашин” хуулиас болоод Монгол Улсад орж ирэх боломжгүй, орж ирсэн ч импортлогчид татвараа төлөөд автомашинаа авах санхүүгийн чадамжгүй болоод байгаа ажээ.


Эко автомашин импортлогчдын холбооны тэргүүн Ц.Лхагважав “Бид машин импортлогч, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахаар холбоо байгуулсан. Холбоонд ойролцоогоор 200 орчим хүн нэгдсэн байна. ОУВС-гийн хөтөлбөрт манай төр засаг эдийн засгийн хямралыг давах нэрийдлээр хамрагдах болсон. Үүний тулд долоон төрлийн татварыг нэмсэн. Бид татварыг эсэргүүцэж байгаа. Эко автомашин импортолдог маш олон хүн бий. Төр засаг нэг шөнө дөлөөр хууль баталж, ард түмнээ хохироож, хулгай хийж байна. Хуучин хуулиараа бизнесээ төлөвлөөд тооцсон байсан хүмүүс энэ шаардлагад үнэхээр сөхөрч байна. Ард иргэд хэдэн өдөр шаардлага тавьж байхад түүнийг биелүүлдэггүй хэр нь, гадны хөрөнгө оруулалтын тавьсан шаардлагыг нэгхэн өдрийн дотор биелүүлж байна. Татварын нэмэгдэл зөвхөн машин импортлогч бидний эрх ашгийг хөндөөд байгаа зүйл биш. Энэ чинь эргээд хэрэглэгч, иргэдэд очно шүү дээ. Энэ асуудлыг удаа дараа тавьж байгаа. Эцэст нь бид хугацаатай албан шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагын хариуг тавдугаар сарын 8-ны дотор өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоор шийдсэн. Бид мөн ОУВС-гийн суурин төлөөлөгчид албан бичиг хүргүүлж байгаа. Нэг зүйл нэмж хэлэхэд эдийн засгийн хямралыг жирийн иргэд бид бий болгоогүй шүү” хэмээв.


Автомашин импортлогчдын худалдан аваад байгаа автомашиныг монгол төгрөгт шилжүүбэл 6 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр Япон улс руу шилжүүлэгдсэн байгаа юм байна.
Тэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт УИХ-аар баталсан автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг эргэн харахыг шаардаж, заасан хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43192
0 эможи
keyboard_arrow_up