Х.Бадамсүрэн, Ц.Ням-Осор хоёрын хэнд нь итгэх вэ

2017 оны 4 сарын 27

Дуулианы эзэн өнөөдөр мэдээлэл хийв. “Эрдэнэт” гэх саалийн үнээнд эзэн сууж, түр амьдрах байраа 180 сая төгрөгийн брэндийн тавилгаар гангалж, улмаар 300 сая төгрөгөөр машин авч тансагласан эрхэм дарга Х.Бадамсүрэн удтал дуугүй суусны эцэст өнөөдөр хэвлэлийнхэнд байцаагдав. Гэвч бодит үнэнээс хол зөрүү мэдээлэл өгч, уул уурхайн яамны мэргэжилтэн, зөвлөхүүдийнхээ тусламжтайгаар асуудлаас эвтэйхэн мултарч чадсан юм. Х.Бадамсүрэн даргын хэлж буйгаар тэрбээр тансаглалыг өөрөө эхлүүлээгүй юм байх аа.

Эрхэм даргыг очихоос ч өмнө тушаал гарчихсан, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт машин шилжүүлэх асуудлыг шийдчихсэн байж. Мөн хэн гэж дарга ирэхээс үл хамааран 180 сая төгрөгөөр байрыг нь тохижуулж, 300 сая төгрөгөөр машин авч өгөх нь тодорхой байсан гэнэ. Бадмаа дарга эхлээд багахан бухимдаж, хэмнэлт хийх ёстой хэмээн зөрүүдэлсэн ч үе үеийн дарга нартаа өгч ирсэн халамжаас татгалзаж болохгүй учраас авах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн хэмээн учирлав.

Түүнчлэн, өөрийнх нь даргаар томилогдох цаг хугацаатай давхцан шинээрээ шахуу “Лексус-570” машин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын данс руу шилжсэн нь мөн л өмнө нь гарчихсан байсан шийдвэр гэнэ. Төрийн өмч хөрөнгийг хувийн харилцаагаар өөр байгууллага руу дур мэдэн шилжүүлэх эрх Х.Бадамсүрэнд байдаг эсэхэд хариулт өгөхөөс зайлсхийв.

Тун саяхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Эрдэнэт” үйлдвэрийн захирал 10 мянган ам.доллар буюу 24.5 сая төгрөгийн цалинтай хэмээн хэвлэлд мэдэгдэж байсан. 2017 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр хэвлэлийнхнийг дуудаж мэдээлэл хийх үедээ “Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын цалинг 10 мянган доллараар тогтооё гэж би зөвшөөрсөн нь үнэн. Дэлхийн хэмжээний үйлдвэрийг удирддаг захирлыг цалин 10 мянган доллар байх нь зүйтэй гэж үзсэн.

Жил бүр амралтаа эдлэхэд нь олгох цалинг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30 мянган доллар өгье гэснийг би өгөхгүй гэсэн. Нийт дүнгээр нь авч үзвэл жилд 600 сая төгрөгийн цалин авах байсан бол би 300 сая төгрөгийг л өгье гэсэн. Гэтэл үүнийг буруу тайлбарласан. Цалинг бага зэрэг өндрөөр зөвшөөрсөн. Энэ үнэн. Би үүнийг хариуцна гэдгээ хэлж байсан.

Өмнөх захирлууд маш их хэмжээний хангамж эдэлдэг байсан ч энэ нь олон улсын гэрээний дагуу нууц байсан" хэмээн мэдэгдэл хийж байжээ. Яг энэ өдрөөс 21 хоногийн өмнө монгол мөнгөөр тооцоход 24.5 сая төгрөгийн цалин өгөх албан ёсны шийдвэр гарсан нь үнэн гэдгийг ярьчихсан байх аж. Гэтэл өнөөдөр Х.Бадамсүрэн гэгч огт өөр зүйл ярив.

Тэрбээр, та 24.5 сая төгрөг буюу 10 мянган ам.доллараар цалинждаг гэж ярьж байна. Төрийн өмчийн компанид ам.доллараар цалинжиж болох уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Намайг ам.доллараар цалин авдаг гэж мэдээлсэн. Тийм асуудал байхгүй. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинг авч байгаа. ТУЗ-ийн цалин хөлсийг миний цалинтай хамт яриад байсан. Бид “Эрдэнэт” үйлдвэрээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй” хэмээн ярив.

Тэгэхээр эрхэм хоёр даргын хэн нь худлаа яриад байна вэ. Эсвэл 10 мянган ам.долларын цалинг авахгүй хэмээн мэдэгдэж, тансаглалаас татгалзсан гэдгээ ил тод зарлах учиртай бус уу, эрхэм дарга аа. Тэгж чаддагсан бол мөн ч “гоё” харагдана даа. Гэвч тэр тэгсэнгүй. Хэн чинь худлаа яриад байна вэ гэсэн асуудал “мэдэхгүй” гэсэн булзсан асуулт өгч, энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн хурал биш ойн баярын хурал хэмээн бултаж давхисаар гарч одлоо.

Нэг ч баримттай хариулт өгч чадалгүй хурлыг орхин гарсан юм. Монгол Улсын өмч ийм л хүмүүсийн гарт оччихоод байна. Үг үйлдэлдээ эзэн болж чаддаггүй, суурин дээрээ 360 градус өөрчлөгддөг, гаргасан бодлого, гарын үсэгтээ эзэн болж чадахгүй ийм л арчаагүй хүмүүсээр бид бүхэл бүтэн нэг том үйлдвэрийг атгуулчихаад сууж байна. Үүнд хяналт гэж алга. Ажилд орсон өдрөө машинаа бусдад бэлэглэдэг. Авсан нэг нь ичих ч үгүй “би нэг ч төгрөгийн татаас аваагүй” хэмээн мэдэгдэл хийгээд сууж байх жишээтэй. Монголын өмч үнэгүйдэж, улсын өмчид очсон үйлдвэр болгон дампуурдгийг “Эрдэнэт”-ийн энэ асуудал нийгэмд дэндүү сайн ойлгуулж өглөө. Хувийн өмчийг дээрэмдэж авчихаад, хууль бусаар эзэн сууж буй Х.Бадамсүрэн, Ц.Ням-Осор нарын жинхэнэ төрх 21 хоногийн хугацаатай зарлагдсан хоёрхон хэвлэлийн хурлаас харагдчихлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43002
0 эможи
keyboard_arrow_up