32 улсад 45 салбар комисс байгуулжээ
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комисс өчигдөр /2017.04.19/ хуралджээ. Хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссуудыг байгуулсан байна.
Хуулийн дагуу Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт гурваас долоо хүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд ийнхүү байгууллаа. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдаж байна.
СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн мэдээлснээр гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны зургадугаар сарын 10-11-ний өдөр авах юм байна.