“Шайнин Стар” группийн ерөнхийлөгч Ким Эй Хо-г хүлээн авч уулзлаа

2017 оны 4 сарын 11

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй БНСУ-ын “Шайнин Стар” группийн ерөнхийлөгч Ким Эй Хо тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад НИТХ-ын даргын зөвлөх М.Цэлмэг, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НИТХ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Баттулга нар оролцов.  

Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Монгол Улсын эдийн засгийн 62 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа эзэлж байна. Улаанбаатар хот нь Монгол Улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хот Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувийг эзэлдэг атлаа хүн амын 44 хувь нь энд оршин сууж, энэ байдал цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотод Монгол Улсын барилга угсралт, их засварын ажлын 67 хувь нь хийгдэж байна. Нийслэлийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, хотжилт эрчимтэй явагдсанаар хотын усан хангамж, авто зам болон ерөнхий төлөвлөгөөний дэд бүтцийн асуудлыг шийдэх нь манай хотын нэн тэргүүний зорилт болоод байгаа юм. Мөн Улаанбаатар хотын гол консепц бол ногоон байгууламж олонтой, ухаалаг тээврийн шийдэлтэй, эдийн засгийн өндөр өсөлт бүхий “Аз жаргалтай хот”-ын үзэл баримтлал. Тиймээс та бүхэнтэй энэ чиглэлийн дагуу хамтарч ажиллах болно” гэлээ.

БНСУ-ын “Шайнин Стар” группийн ерөнхийлөгч Ким Эй Хо “Өнөөдрийн уулзалт хоёр орны харилцан ашигтайгаар цаашид урт хугацаанд хамтран ажиллах үйл явдлын эхлэл болж байна. Бид бүхэн дэлхийн томоохон 25 банк болон нэр хүнд бүхий  компаниудтай хамтарч ажилладаг. Одоогоор Энэтхэг, Тайван, ОХУ зэрэг оронтой хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Улаанбаатар хотод тулгамдаж буй агаарын бохирдол, замын түгжрэл, ногоон байгууламжийн асуудлыг шийдэх туршлага бидэнд бий. Тиймээс эдгээр асуудлыг хамтран шийдэхэд бэлэн байна” гэв. Уг уулзалтын үеэр “Monorail” төсөл буюу хөнгөн гүүрэн замын тээвэр,  “Happy Tower” буюу Аз жаргалын цамхаг байгуулах төсөл, Ерөнхий төлөвлөлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барих, хог хаягдлын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгох зэрэг төсөл, хөтөлбөрийг танилцуулж харилцан санал солилцлоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42397
0 эможи
keyboard_arrow_up