Нийслэл, 21 аймгийн гудамж, талбайг камержуулахад 60 тэрбум төгрөг шаардлагатай
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Уг хуулийн төсөлд 2018 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмэгдүүлэхээр тусгасан гэдгийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь танилцуулав. Оны өмнө баталсан Төсвийн тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1 их наяд 390.8 тэрбум төгрөг байхаар тусгасан. Шимтгэлийн хэмжээг таван хувиар нэмснээр орлого 1 их наяд 412.8 тэрбум төгрөг байхаар тодотголд тусгажээ. Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сард баталсан Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, 17, 21 дэх заалтыг тус тус хүчингүй болгох аж. Дээрх заалтуудад улсын хил болон алслагдсан анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг сар бүр олгохоор тусгаад байсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэх нь иргэдийн амьдрал болон аж ахуй нэгжийн санхүүгийн чадамжид сөргөөр нөлөөлөх магадлалтай хэмээв. Мөн Ц.Нямдорж гишүүн, “Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа тул төсвийн тодотголыг дэмжиж, нэн даруй батлах нь зөв” гэсэн санал хэллээ.
Мөн Байнгын хороон дарга Ш.Раднаасэд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд төсөв хөрөнгө хангалттай байгаа эсэхийг тодруулсан. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гэмт хэрэгтнийг саатуулах, гэрч, хохирогчийг хамгаалах байртай болоход санхүүжилт шаардлагатай байгааг онцлов. Мөн тэрбээр, “21 аймаг, нийслэлийн гудамж, талбайд хяналтын камер суулгахад 60 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол бий. Гэвч Сангийн яам хүлээж аваагүй. Тиймээс олон улсын зээл, тусламжаар шийдвэрлэх боломжийг эрэлхийлж байна” гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Төсвийн тодотголд тусгасан ХЗДХ-ийн сайдын багцын урсгал зардлыг 8.4 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай заалтыг хасах санал гаргасныг гишүүд дэмжсэнгүй.
Харин ХХЕГ-ын төсөвт Гашуун сухайт, Ганц модны боомтын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр орох болон гарах гарцад шалгалтын кабин байрлуулахад 360 сая, гэрээт цэрэг ажиллуулахад 800 сая гаруй төгрөг тусгах саналыг олонх дэмжлээ.
Ийнхүү гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.