НИТХ-ын дарга ОХУ-ын ЭСЯ-ны Атташетай уулзлаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн Атташе Сулимук Геннадий Михайловичт уулзлаа. Ялалтын баярын 72 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар ярилцлаа. ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээг НИТХ-ын даргад танилцуулав.
ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн Атташе Сулимук Геннадий Михайлович хэлэхдээ “Ялалтын баярын ойг тэмдэглэх нь хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж бид харж байна. Бид “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаалыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлвөлөж байгаа. Урьдчилсан байдлаар Сүхбаатарын талбайгаас Жуковын хөшөө, эсвэл Зайсангийн Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөө хүртэл алхана гэж төлөвлөж байна. Ингэхдээ дайнд оролцсон ахмад дайчдын зургийг барьж алхах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн цэцэг өргөх ёслол болно.” гэлээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Ялалтын баяр бол ганц ОХУ биш дэлхий нийт, тэр дундаа Монголчуудын ч чухалчилж үздэг баярын өдөр. Тиймээс бид ОХУ-ын Элчин сайдын яамнаас тавьж байгаа саналыг аль болох нааштай хүлээн авч шийдэх болно. Жагсаалын маршрутын тухайд хоблогдох албаныхантай ярилцая.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.