Дэлхийн банкны экспертүүд Улаанбаатар хотод ажиллаж байна
Дэлхийн банкны экспертүүд Улаанбаатар хотод ажиллаж байна. Тэд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүн бөгөөд бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүдэд Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизмын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн зохицуулалтын талаар мэдээлэл солилцож байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнтэй хамтран ажиллах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авсан. Үүний нэг нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж байна.Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан засаг даргын өргөтгөсөн зөвлөлийг байгуулсан билээ.
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Эдгээр зөвлөлийг байгуулсан зорилго нь Улаанбаатар хотын удирдлага болон төр захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь амьдралд нийцсэн, хэрэгжих боломжийг хангасан байхад чиглэсэн арга хэмжээ юм. Уг ажиллагааг зохион байгуулахад бид Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн экспертүүдтэй хамтрран ажиллаж байгаа. Өнөөдөр тэд Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын албан хаагчдад хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтарч ажиллах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийх боломжит арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцаж байна” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.