ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө
Засгийн газраас бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор хоёр хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасныг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Үүнд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирсэн тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг “Гаалийн албан татвар, Гаалийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” хуулийг 2016 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд хэрэгжүүлэн мөрдөхөөр болсон.
Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр сунгалаа.
Засгийн газрын тогтоолоор өмнөх тоног төхөөрөмжийн ангиллын хүрээг нэмж өргөтгөн чухал шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмж оруулснаараа чухал ач холбогдолтой болсон. Мөн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.